НУ-ын Техас мужид цаазын ялыг эцсийн мөчид зогсоосон тухай The Washington Post сонин бичжээ.
Яллагдагч Роберт Роберсон нь шинжээчдийн үзэж байгаагаар "боломжгүй" гэмт хэрэгт буруутгагдаж цаазын ял авсан байна.
2002 оны 1-р сарын 31-ний өглөө тэрбээр охиныхүү уйлах чимээнээр өрөөнд орвол хүүхэд орноосоо уначихаад уйлж байжээ. Хүүхдээ тэвэрч тайвшруулсны дараа аав нь өрөөндөө эргэж ороод унтсан байна.
Дараа нь түүнийг охиныхоо өрөөнд дахин ороход охины царай хөхөрч бие нь сайнгүй байгааг мэдэж, түргэн тусламж дууджээ.
Эмч нар охиныг аварч чадаагүй бөгөөд шинжилгээгээр тархинд бага зэрэг цус харвалт илэрсэн байна.
Үүний шалгааныг хүүхдийн дорилтын хам шинж (ДХШ)гэж дүгнэжээ. Энэ нь хүүхдийг маш хүчтэй сэгсэрснээс л болж үүсдэг гэж тухайн үед эмч нар үзсэн байна.
Ийнхүү Роберсон охиныхоо үхэлд буруутгагджээ.
Харин хожим Роберт Роберсоныг шүүхээр орж ялаа авсны дараа хүүхдийн доргилтын хам шинжийн илрэл болох тархи хавдах, тархинд болон нүдэнд цус харвах шинж тэмдгүүд нь уушгины хатгалгаа, төрөлхийн гэмтэл, өндрөөс унах, удамшлын нөхцөл, осол зэрэг олон өвчнөөс болдог гэсэн судалгаа гарчээ.
Роберсоны өмгөөллийн зүгээс охин ДХШ-ийн шинж тэмдгийг үүсгэж болзошгүй вирусын гаралтай хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны улмаас нас барсан гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад охин байнга өвдөж, аав нь түүнийг 45 удаа эмчид үзүүлсэн байна.
Мөн 2002 онд эмч нар охинд кодеин, прометазин агуулсан эмийг өгсөн бөгөөд энэ нь бага насны хүүхдүүдэд аюултай нь одоо нотлогдоод байгаа юм.
Хэвлэлд бичсэнээр Роберт Роберсоны ялыг аравдугаар сарын 17-ны 18:00 цагт гүйцэтгэх ёстой байжээ.
Түүний өмгөөлөгчид цаазаар авах ялыг хүчингүй болгохыг хичээж, АНУ-ын Дээд шүүх хүртэл явсан боловч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Техасын Конгресс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй ч ял авсан этгээдийг дэмжиж, бүх гишүүд санал нэгтэйгээр түүнийг долоо хоногийн дараа тус байгууллагын сонсголоор оруулахыг үүрэг болгожээ.
Роберсоныг цаазаар авахуулахаас 90 минутын өмнө дүүргийн шүүхээс ялыг түр саатуулах захирамж гаргаж, Конгрессийн сонсгол хүртэл амьд үлдээв.
Харин Прокурорууд үүнийг Техасын эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахад хэдийгээр дөрвөн шүүгч эсэргүүцсэн ч тус шатны шүүх ялыг биелүүлэхийг зөвшөөрсөн байна.
Роберсоныг цаазаар авахаас ердөө арваадхан минутын өмнө Конгрессын гишүүд Техасын дээд шүүхэд мөн л давж заалджээ.
Шүүгчдийн хурал үргэлжлэх хооронд, ялын гүйцэтгэл дөрвөн цаг хойшилсон байна.
Эцэст нь Дээд шүүх цаазаар авах ажиллагааг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Роберсон 2024 оны 10-р сарын 21-нд Төлөөлөгчдийн танхимын хороонд мэдүүлэг өгөх ёстой байсан авч Техасын Ерөнхий прокурор цаазаар авах ялтай хоригдлуудыг Капитолд авчрах нь аюултай гэж үзэн түүнийг өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөхийг хориглосон байна.
Одоогоор цаазын шинэ огноог хараахан тогтоогоогүй байна.