Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан өмнөд хөршид зохион байгуулж буй “Tour of Zhaotong” олон улсын тэмцээнд хурд сорьж байна. Дээрх тэмцээний гурав дахь өдрийн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн удаалж, С.Жамбалжамц III байрт шалгарав. Сүүлийн дөрөв дэх өдрийн тэмцээнд БНХАУ-ын “Ском” багийн легионер дугуйчин Б.Идэрболд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. Уг уралдааны дараа өндөр уулын дугуйн тэмцээн болоход монгол тамирчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Тэднээс Б.Идэрболд түрүүлж, аваргын цамц өмссөн юм. Манай тамирчид Бээжинд энэ сарын 16-17-нд болох хоёр өдрийн тэмцээнд уралдах нь.
Ташрамд дуулгахад, Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал МҮОХ-ны хурлын танхимд ирэх сарын 7-нд болно. Хурлаар 2021-2024 онд хийсэн ажлын тайлан, тус холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, зөвлөлүүдийн даргад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонгох аж. Энэ оны байдлаар тус холбооны бүхий л үйл ажиллагаа тэмцээнд оролцож, татвар хураамжаа төлсөн 32 байгууллага, баг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гурван зөвлөл бүртгэлтэй буй гэнэ. Тэдгээр баг, байгууллага, зөвлөлийнхөн тус бүр хоёр мандаттайгаар, сонгох, сонгогдох эрхтэйгээр хуралд оролцоно.