Соёл урлагийн салбарын “царцаасан” барилга, байгууламж цөөнгүй байдаг. Тэдгээрийн нэг нь Хүүхэд, залуучуудын театр. Хоёр жил гацаасан тус театрын барилгыг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд арайхийн нээсэн юм. Гэвч өдий болтол үйл ажиллагаа нь жигдрээгүй “амьгүй” байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгагчдын нэг болчихлоо.
Уг театрын хөшгийг “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр нээж байв. Мөн тухайн үед “Арслан хүлэгт баатар”, “18 дахь хаврын хайр” жүжгийг тус театрын хамт олон тайзнаа толилуулах болсон. Гэвч өнөөг хүртэл эдгээр үзвэрээс өөр сонголт нэмсэнгүй. Түүнчлэн үзвэрүүдийнх нь төдийгүй суудлын тоо нь ч цөөрсөн байлаа.
Улсын хүүхэд, залуучуудын театр гэх албан ёсны цахим хуудсанд тус байгууллагын сүүлийн үеийн үзвэрийн мэдээлэл бий. Тэндээс үзэхэд “18 дахь хаврын хайр” жүжгээ энэ сарын 3-нд үзэгчдэд хүргээд, дахин 9, 10-нд 15.00 цагаас толилуулсан. Үүний дараа хоёр долоо хоног завсарлаад үзэгчидтэйгээ дахин уулзах тов гаргажээ. Энэ хугацаанд тус театрт очвол юу үзэж болохыг мэдээллийн ажилтнаас нь тодруулахад “Монгол бичиг” калиграфын үзэсгэлэнг сонирхож болно” гэлээ. Үүнээс өөр олон нийтэд сонирхуулах зүйл энэ сарын 3-9-нд тус театрт байсангүй. Мөн жилд 3-4 томоохон жүжиг тоглох төлөвлөгөөтэй бөгөөд ирэх онд “Ромео, Жульетта” жүжгээр хөшгөө нээх гэнэ. Ийм олон хоног завсарласан шалтгааныг тодруулахад хүүхэд, залуучуудын соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн болдог хэмээн удирдлагууд нь тайлбарлалаа. Сургуулиудын урлагийн наадмыг ч тэнд зохион байгуулдаг гэнэ. Олон нийтийн арга хэмжээ нь ч соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэгээхэн хэсэг хэмээн хэлэв. Түүнчлэн цаашид ахлах ангийн сурагчдад зориулан жүжгийн, бүжгийн дугуйлан хичээллүүлэх төлөвлөгөөтэйгөө онцоллоо.
Тасалбарын тоо тун цөөн
Эл театрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хамгийн олон оршин суугчтай Сонгинохайрхан дүүргийнхэнд ихээхэн ач холбогдолтойг албаныхан онцолж байлаа. Учир нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьсан Хүүхэд, залуучуудын театрын эргэн тойронд урлаг, соёл үйлчилгээний төв тун ховор. Хүүхдийн тоглоомын талбай ч бараг байхгүй. Тиймээс багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бий болгох зорилгоор дүүргийн спортын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэсэн.
Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцуулах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдүүлэх, соёлын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор уг театрыг барьж буйг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан дурдаж байв. Гэтэл тус театр нь энэхүү үүргээ биелүүлж чадахгүй байна.
Театрын барилга нь зоорийнхтойгоо нийлээд нийт дөрвөн давхар гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас танилцуулсан юм. Мөн үзвэрийн танхим нь 850 суудалтай. Гэтэл 100 тасалбар л борлуулж байна. Тасалбарыг нь ticket.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. Тус сайтаас харахад бүхий л үзвэрт нь 100 хүний суудал л нээлттэй харагдаж буй юм. Ийм цөөн тооны тасалбар борлуулж байж “Манай үзвэрийн тасалбар дуусчихсан. Биет тасалбар байхгүй” хэмээн хариулж байв. Тус театрын захирал Н.Ариунболд “Кассаар тасалбар борлуулах, эсвэл сургуулиудад нь манай менежерүүд очиж захиалга авдаг. Анги хамт олноороо, заримдаа сургуулиараа ч ирж жүжиг үзэх нь бий. Үзвэрийн их, бага гэсэн хоёр танхимтай. Их танхим нь 760 хүний багтаамжтай бол багыг нь ашиглалтад оруулаагүй байна. Хүүхдүүд цахимаар тасалбар худалдан авахад бэрхшээлтэй. Тиймээс биет тасалбар борлуулж буй. Зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч жүжгийн тасалбар захиалдаг. Иймд тэдэнд зориулаад ticket.mn сайтад 100 тасалбар байршуулсан. Манай жүжгийн тасалбар тоглолт бүрд л дуусдаг” гэсэн юм. Гэтэл мэдээллийн ажилтнууд нь “Биет тасалбар байхгүй. Зөвхөн онлайнаар тасалбараа захиалах боломжтой” гэсэн хариулт өгч байлаа.
Энэ сарын 10-нд тус театрт очиход “18 дахь хаврын хайр” жүжгийн тасалбар дууссан байлаа. Тус театр луу ороход нам гүм. Их танхимаас хүүхдүүд 3-4-өөрөө угаалгын өрөөний зүг гүйлдэнэ. Жүжиг тэдэнд ихэд таалагдаж буй бололтой, инээцгээн “Хурдхан буцаад дотогш оръё л доо” хэмээж байв. Үзвэрийн танхим дулаахан, бас тохилог. Ажилчдынх нь харилцааны соёл ч үлгэр жишээ хэмээн эцэг, эхчүүд дүгнэж байв. Жүжгийн хувьд хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлэгтэй маргах зүйл алга гэнэ.
Барилгын нэгдүгээр давхарт номын сан, үзвэрийн танхим, угаалгын өрөө байх аж. Номын сангаар нь ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагт үйлчлүүлж болно. Тоглолттой үед номын сангаар үйлчлүүлэх боломжгүй аж. Харин хоёрдугаар давхарт цайны газрууд бий. Амралтын өдрүүд таарсан тул зөвхөн кофе шофын үйл ажиллагаа л хэвийн үргэлжилж байв. Тус давхарт “Монгол бичиг” үзэсгэлэн дэлгэжээ. Уг театрын ажилтнууд үзэсгэлэн өдөр бүр олон нийтэд нээлттэй хэмээсэн ч цоожтой хаалга “мөргөлөө”. Дараагийн давхарт сургалтын, бэлтгэлийн танхим, галерей, номын фонд, зургийн, жүжигчдийн, найруулагч нарын, галерей, ариун цэврийн өрөөнүүд байх гэнэ. Үзвэрийн танхимын ойролцоо хэд хэдэн сандал байршуулжээ. Тэнд суугаа гурван эмэгтэйгээс театрын үйлчилгээний талаар тодруулахад “Бид хүүхдүүдээ хүлээгээд л сууж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь цэгцтэй. Тасалбараа онлайнаар захиалахад ч хялбар. Угаалгын өрөө ч цэвэрхэн, үзвэрийн танхим нь тав тухтай юм билээ” гэв.
“Ойр орчмынх нь иргэд ч тэр бүр очоод байдаггүй”
Хүүхэд, залуучуудын театрынхан үйл ажиллагааны зардлаа орлогоороо бүрэн нөхөж чадаж буй гэнэ. Гэвч ойр орчмынх нь айл өрхүүд нь тус театрыг зорьдоггүй бөгөөд ямар тоглолт болж буйг мэдэхгүй гэсэн хариулт өгч байв. Хүүхэд, залуучуудын театрыг зорих иргэдийн тоо цөөн буйг зарим нэг нь хотын төвөөс хэтэрхий хол байршилтай нь холбон тайлбарлав. Тус театр луу хотын төвөөс ирж, очиход дунджаар 3-4 цаг зарцуулдаг байна. Удаах шалтгааныг үзвэрүүдийнх нь чанартай холбосон нэгэн ч байлаа. “Үйл ажиллагаагаа илүү төрөлжүүлж, залуучуудад ч зориулсан хөтөлбөр гаргах хэрэгтэй” гэсэн иргэн ч бий. Мөн “Улсын төсвөөс санхүүжүүлдэг болохоор уран бүтээлчид ашиг орлогын төлөө хичээх шаардлагагүй. Тиймээс үйл ажиллагаа нь нам жим байгаа байх” гэх нэгэн ч байлаа. Ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч “Ангиараа л гэхээс хүүхдүүд тийшээ очдоггүй. Энэ хавийн хүүхдүүд ч театр луу яваад байдаггүй. Автобусны буудалд “Хайрыг хайрла” гээд жүжгийн зурагт хуудас наачихсан байсан. Тэр тоглолт л болж буй байх. Өөр үзвэр байгаа, эсэхийг мэдэхгүй юм. Театрт олон нийтэд танигдсан жүжигчид ирэхээр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Олон үзэгчтэй байвал манай дэлгүүрээр үйлчлүүлэх хүний тоо ч нэмэгддэг” гэсэн юм. Уг нь олны анхаарлыг татсан томоохон тоглолтуудыг шинэхэн театрт зохион байгуулах нь үзэгчдийг татах нэг арга байж болох шүү дээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр гээд маш гоё ордныг олон сая төгрөгөөр барьчихсан шүү дээ. Гэтэл энэ нь “амьгүй” л байна. Уран бүтээлчид нь идэвхтэй ажиллаад байхад үзвэрийн үнэ нь 7000 төгрөг. Гэтэл энэ үнээр дүүргийнх нь хүүхдүүд ч үзэж чадахгүй байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт онцолжээ.
Удаах шалтгааныг сурагчдын аюулгүй байдалтай холбож үзэж болно. Тухайн хэсэгт явган хүний гарц байх ч гэрлэн дохио үгүй. Явган зорчигчдод зам тавьж өгөх жолооч ч ховор. Үүнээс гадна ойролцоох автобусны буудлуудад нь согтуу хүн олон. Тэд ойр орчныхоо хүмүүсийг хөөж туун “Юугаа харсан юм бэ. Би хаана байна” хэмээн хашхиралдана. Ийм байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ тийш явуулахгүй л болов уу.
Төсвийнх нь мэдээлэл тодорхойгүй
Шилэн дансны тухай хуульд зааснаар бол улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно гэж заасан. Гэтэл Хүүхэд, залуучуудын театрын санхүүгийн мэдээлэл шилэн дансны системд бүрэн байсангүй. 2022 оноос хойших үйл ажиллагааны төсвийн хэд хэдэн мэдээлэл л тэнд байна. Гэвч нэвтрэхээр “Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл энэ сард гараагүй” гэсэн хариулт гарч ирнэ. 2023 оны төсвийн мэдээллийн тухай ямар ч баримт алга. Төрийн мэдээллийн санд яагаад тайлангаа оруулаагүйг нь театрынхнаас тодруулахад “Бид улирал тутамд мэдээллээ оруулдаг. Нягталъя, дахин шалгая” гэв.
Сурвалжилгын эхэнд уг театрын барилгын ажил саатаж байсан тухай дурдсан. 2021 онд барилгын үндсэн зориулалт нь өөрчлөгдсөн тул дотоод бүтцийг нь шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс зураг төслийг нь дахин боловсруулсан аж. Иймээс барилгын ажил саатсан хэмээн хариуцагч “Аглут” компаниас мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд тус театртай холбоотой гарсан дараагийн дуулиан нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтад Н.Ариунболд хангалтгүй үнэлгээ авсан ч захирал болсонтой холбоотой. Тэрбээр шалгалтын хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн талаарх мэдээллийг сорих хэсэгт 10-аас нэг оноо авчээ. Түүнчлэн дүн шинжилгээ хийх чадвар хоёр, асуудал шийдвэрлэхэд дөрөв, монгол хэлний ярианы болон бичгийн чадвараа гурав гэж үнэлүүлжээ. Харин ярилцлагын шатанд 54 оноо авснаар 60-ын босгыг давж Хүүхэд, залуучуудын театрын захирал болсон гэнэ. Театраа хөгжүүлэх, төсвийн хөрөнгийг үр дүнгүй үрэхээс сэргийлэх үүрэгтэй тэрбээр саяхан салбарын сайд Ч.Номингоо хамгаалсан хэвлэлийн хуралд оролцсоноос өөр “гавьяа” байгуулаагүй л байна.
А.Үүл