2016 оны зургаадугаар сарын 28 өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө, сонгуулийн сурталчилгаа дуусахаас хэдхэн цагийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тун чиг сайхан мэдээ дуулгаж билээ. “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эх орондоо авчирч чадлаа. Ингээд үйлдвэр маань 100 хувь монголчууд биднийх болов”гэж. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал уйлдвэрлэдэг Монголын төсвийн орлогын гол бүрдүүлэгчдийн нэг “саалийн ганц үнээ”- ндээ эзэн болсон монголчууд баярлалгүй л яах вэ. Хувь хүн байна уу, компани, корпорац байча уу, төр байна уу, 100 хувь Монголдоо ирсэн л бол боллоо доо гэж дээр дооргүй баярлаж суув.
Тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг 400 сая ам.доллароор худалдаж авчирсан “Монголиан коппер корпорэйшн” компанид, “эзэн” Д.Эрдэнэбилэгтээ бид алга ташин баяр хүргэж, шагшран магтацгаав. Гэвч ёстой л “Хөөрхий муу Дэмбэрэл юм үзсэн биш, баярлаж байгаа гэдэг жигтэйхэн” гэж “Хүргэн хүү” уран сайхны кинод гардаг шиг юм болов. Тухайн үеийн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ тус компанийн 49 хувийн хувьцааг худалдан авсан “Монголиан коппер корпорэйшн” компани дээрх мөнгөө хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулж, “72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Товчхондоо төрийн мөнгөөр, төрийн өмчийг худалдан авсан байна” гэж шулуухан зарлав. Угтаа төрийн мөнгө ч гэж юу байх вэ, татвар төлөгч таны л мөнгө.
Таны мөнгөөр худалдаж авчхаад “эзэн” сууна гэвэл үнэндээ луйвар. Монголын төр, “Монголиан коппер корпорэйшн” компани аль аль нь шүүхэд хандав. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьчлал”гэх дугаартай хэрэг нээж, шүүх, хууль хяналтын байгууллагууд долоон жил “ноцолдоод” нэг талд нь гаргаж чадаагүй л байна. Төрийн “зовлон”, түмний эргэлзээ ийнхүү эхлэв. Төрийн тэргүүн асан Ц.Элбэгдорж “Эрдэнэт үйлдвэр” эмчилгээ, тэжээлийн цэгт очих болсон “хөгшин үнээ” гэв. Яагаад? Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “эзэн” Д.Эрдэнэбилэг хоёр гадаадад удаан хугацаагаар амарч эх орондоо ирэхийг хүсэхгүй байна. Яагаад? Тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ямар үндэслэлээр нууцын зэрэглэлтэй тушаал гаргасан бэ. (Хожим нууцын зэрэглэлээс гаргасан). Яагаад? Тухайн үеийн эрх бүхий этгээдүүд 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ ямар шалтгаанаар татгалзсан бэ. “Эрдэнэтийн 49 хувийн” гэх хэрэт гурван шатны шүүхийн дунд долоон жилийн хугацааг хэрхэн туулсан бэ? “Хонгилын шүүх” гэж байдаг уу? Яагаад улстөрчид ингэж ярьдаг вэ.
Одоо дахиад долоон жилийн хугацаанд гурван шатны шүүх дамжиж, замхрах замдаа орохгүй гэх баталгаа бий юү, одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ худлаа мэдэгдэл хийж попорсон уу гэх мэт олон олон эргэлзээнд зөвхөн шүүх л эцсийн цэг тавина. Энэ долоо хоногийн эцэс, ирэх долоо хоногийн эхээр “Эрдэнэтийн 49 хувийн” гэх хэргийн шүүх хурал болох сурагтай. Хэзээ ч болдог байсан иргэд, олон нийтийн дунд бий болсон олон эргэлзээг шүүх хурлыг нийтэд ил тод, хэвлэл мэдээллийнхэнд шууд сурвалжлах боломж олгож, иргэдийн мэдэх эрхийг хангаж хийвэл зохилтой. Тус хэрэгт нууцлах зүйл одоо бий юү. Жирийн нэг иргэнтэй холбоотой хэрэг ингэж уддаг бил үү. Одоо хэрэг дахиад хойшлох уу, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь яг одоо хэний өмч вэ гэх эргэлзээ нэмэгдсээр л. Тус 49 хувийг төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол гарсан хэдий ч шүүх дээр эргэж буцсаар, долоон жил өнгөрлөө, долоон жил хүлээлээ, иргэд. “Эрдэнэтийн 49”-ийн хэргийн эцсийг үзмээр байна, бид.
Б.Баяр