Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд манай уран бүтээлч Ш.Сугарцэрэн оролцож, тэргүүн байрын шагнал хүртэв.
ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэл, Олон улсын “Сольвейг” төвийнхөн хамтран нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдааныг Москва хотноо зохион байгууллаа. Хоёр үе шаттайгаар үргэлжилсэн эл уралдааны сүүлийн шатанд Монгол, ОХУ, Беларусь, АНУ-ын хөгжмийн зохиолчдын бүтээл тунаад байв. Тэдгээрээс хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” бүтээл тэргүүн байрт шалгарчээ.
Түүний энэхүү бүтээлийг Дмитрий Шостакович, Арам Хачатурян, Леонид Коган зэрэг ОХУ-ын үе үеийн шилмэл хөгжмийн зохиолчдын бүтээлийг анх удаа эгшиглүүлсэн Хөгжмийн зохиолчдын ордны тайзнаа энэ сарын 16-нд олны хүртээл болгох юм байна. Ш.Сугарцэрэн нь 2009-2014 онд “Их Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаачаар төгссөн.
Мөн 2014-2019 онд Монгол Улсын Консерваторын хөгжмийн зохиомжийн ангийг дүүргэж, 2018 оноос Улсын филармонийн Урын сангийн эрхлэгчээр ажиллаж байв. Харин өдгөө тэрбээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Гнесиний нэрэмжит хөгжмийн академид гурав дахь жилдээ суралцаж байна.
Ташрамд дурдахад, олон улсын тайзны болон хөгжмийн урлагийн салбар дахь соёлын өвийг хадгалан хамгаалах, баяжуулах, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилготой эл уралдаанд манай улсын уран бүтээлчид 2022 оноос оролцож эхэлсэн юм.
У.СҮРЭН