Чөлөөт бөхийн армийн ДАШТ Литвад энэ сарын 20-23-нд болж, манай улсаас эх орноо төлөөлөн “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож, долоон медаль хүртэв. Монгол бөхчүүд тэмцээний эхний өдөр нэг алт, хоёр хүрэл медаль авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Удаах өдрүүдэд ч амжилтын буухиагаа үргэлжлүүлэв.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглосон дэлхийн шинэ аварга П.Орхон түрүүлж, монгол түмнээ дахин баярлууллаа. 2014 онд мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулсан тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн Монголын зургаа дахь бөх болов. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Г.Отгонжаргал нар төрийн далбаагаа мандуулсан юм. 58 кг-д таван бөх тойргоор барилдсанаас тэрбээр хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны армийн ДАШТ-ий мөнгөн медальт, БНХАУ-ын Жиа Липинд оноогоор дийлдэн, энэ оны анхны ялагдлаа амссан.
Бусад өрсөлдөгчөө өвдөг шороодуулан, энэ оны найм дахь түрүүгээ хүртэв. П.Орхон 2017 он гарснаас хойш насанд хүрэгчдийн болон оюутны УАШТ, И.Ярыгиний нэрэмжит алтан гран при, “Мongolia open”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын гран при, ДАШТ-д аваргалаад байна. Мөн 58 кг-д спортын мастер Н.Лхагвадулам, 60 кг-д П.Шинэхүү, 75 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол 74 кг-д Б.Бямбадорж, 69 кг-д П.Сүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарчээ. Ийнхүү манай тамирчид хоёр алт, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр мөнгөн цом хүртэв.