Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй үндэсний багийн лигийн “Big bowling friendship” тэмцээний хоёрдугаар тойргийн нэгдүгээр шат өчигдөр Big bowling төвд амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээний үеэр 14 баг 6 тоглолт хийж өндөр оноотой 8 баг нь шалгарч, 1-ээр гарсан баг 8-аар гарсан багтай халз тоглож хасагдах журмаар аваргаа тодруулсан юм. Хамгийн өндөр оноотой буюу 1, 2, 3-аар гарсан багууд учраанууддаа бүгд өвдөг шороодож, 8-аар гарсан баг нь гуравдугаар байранд орсон нь тэмцээн маш өрсөлдөөнтэй бөгөөд тамирчдын чансаа адил төвшинд явааг харуулж байв.
Тэмцээний аваргаар А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг тодорч, хоёрдугаар байранд С.Баярхүү ахлагчтай Т.Нансалмаа, Э.Энхбадрал нарын баг, гуравдугаар байранд Ц.Батжаргал ахлагчтай Х.Хишигбат, З.Гэрэл нарын баг орсон.
Хамгийн өндөр оноотой буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тамирчин А.Батжаргал 225 оноогоор, эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин Т.Нансалмаа 215 оноогоор шалгарсан билээ.