Олимп, ДАШТ-ий хос медальтан, МУГТ Д.Отгондалайтай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө Олимп, ДАШТ-ий хос медальтай болсонд тань баяр хүргэе. Риогийн олимпоос ирээд дараагийн том зорилгоо “ДАШТ-аас медаль хүртэх” хэмээн тодорхойлж байсан. Энэ жилийн хувьд манай улсаас оролцсон тамирчид бүгд хүрэл медалийн төлөө тулалдсан нь онцлог байсан болов уу. Хийсэн тулаануудынхаа талаар ярихгүй юу?
-Германы Хамбург хотод болсон боксын 19 дэх удаагийн ДАШТ-д манай дөрвөн боксчин оролцлоо. Энэхүү тэмцээн хоёр жил тутамд зохиогддог гэдгээрээ онцлогтой. 2015 оноос хойш ДАШТ-д тив тивээс эрхээ авч оролцдог болсон тул шалгуур өндөр болсон. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 27 боксчин оролцсон. Монгол Улсаас оролцсон 4 боксчин бүгд хүрэл медалийн төлөө тулалдсан. Миний бие хүрэл медалийн болзол хангасан боловч медалийн өнгөө хувиргаж чадсангүй. Бусад тамирчны хувьд маш сайхан тулаануудыг хийж чадсан.
-Таны хувьд Францын боксчин Софьян Умиад Риогийн олимпод мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялагдсан. Түүнтэй хийсэн тулаанаа хэрхэн дүгнэсэн бэ?
-Риогийн олимпод Франц тамирчинтай гурван раундын турш урагшаа давшилж тоглосон ч ялалтаа авч чадаагүй учир Дэлхийн аваргын тоглолтод хоёр номероор ажиллая гэсэн төлөвлөгөөтэй тулалдсан. Эсрэг тамирчин маань ч маш хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Олимпод хийсэн тоглолтынхоо алдаа, оноог хэрхэн дүгнэсэн бэ. Тоглолтын тактик, төлөвлөгөөгөө тулааны үеэр бүрэн гаргаж чадсан уу?
-Эхний нэг, хоёрдугаар раундад төлөвлөгөөнийхөө дагуу тоглосон боловч сүүлийн раундад оноо дутсаны улмаас ялагдал хүлээлээ.
-Өмнөө тавьсан зорилгодоо хүрээд медалийн тавцанд зогсож байхад тань юу бодогдож байв?
-Медалийн тавцанд нэг номерт зогсоогүй ч 3-4 улсын эгнээнд Монгол төрийн далбаа маань намирч байгааг харах үнэхээр сайхан байлаа. Мөн намайг үргэлж дэмждэг маш олон хүн миний ард бий. Тэр бүхэн минь л бодогдож байлаа.
-Та Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж ДАШТ-д оролцох эрхээ авч чадсан ч мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Шива Тапатай тулалдсан ч шүүгчид шударга бус шүүсэн?
-Узбект болсон Азийн АШТ-д Энэтхэгийн тамирчинтай тулалдсан ч шүүгч нар илүү оноог өрсөлдөгчид өгснөөр ялагдал хүлээсэн. Гэхдээ дэлхийн аваргад оролцох эрхээ авсан учраас түүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Эргээд тус тамирчинтай ДАШТ-д таарч тулалдах юм бол заавал ялах болно гэсэн бодлыг тээж байсан.
-Зөвхөн 60 кг-д гэлтгүй бусад жингийн тулаанд та бүхний амжилтын буухиаг үргэлжлүүлэх залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?
-Залгамж халаа маань шил шилээ даган төрөн гарч, амжилт гаргасаар байна. Үүнд хэн нэгний нэр цохохыг хүссэнгүй. Хэн авьяас, чадалтай байна, тэр нь шилэгдээд гараад ирэх болов уу.
-Дэлхийн аваргаас медаль хүртлээ. Дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлов?
-Боксын тэмцээнээс авч болох бүхий л медалийг авч чадсан гэж бодож байна. Гэхдээ чадал байвал медалиудаа ахиулахын төлөө хичээнэ. Хэрэв үгүй бол залгамж халаа маань амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.
-2019 оны ДАШТ, 2020 оны олимпод медалийн төлөө тулалдах нөөц боломж хэр байна вэ?
-Нас бол зөвхөн тоо гэдгийг үе үеийн тамирчид маань батлаад явж байна. Тамирчин хүн формоо алдахгүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийж чадвал болохгүй гэх газаргүй.
-Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөв?
-Хэсэгхэн хугацаанд амарч байгаад ирэх арваннэгдүгээр сард Япон улсын хамтарсан бэлтгэлд явна.
-П.Орхон, Д.Сумъяа та гурав МУБИС-ийн “Аthlete career” ангид суралцдаг. Нэг ангийн гурав нэг жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өөр өөр спортын төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлнэ гэдэг ховор үзэгдэл байх?
-Өндөр зэрэглэлийн тамирчдыг дасгалжуулах дасгалжуулагчдыг бэлтгэх зорилготой тус ангид Монголын спортын ихэнх тамирчид, дасгалжуулагч нар суралцдаг. Бид гурав нэг ангид элсэн ороод жил гаруй хугацааг үдсэн. Энэ хугацаанд ийм өндөр амжилт үзүүлж чадсандаа маш их баяртай байна.
-Таны цаашдын тэмцээн уралдаанд тань өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.