Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж буй. Энэ өдөр хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн бөхчүүд аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр аварга маань дутуугаа гүйцээж, авч үзээгүй ганц медалиа Будапештийн дэвжээнээс авлаа. Тэрбээр дагах барилдаанд Гүржийн Адам Окруашвилиг илүүрхээд, хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн 22 настай залуу од, энэ жилийн тивийнхээ аварга Гурам Түшишвилиг даралтаар цэвэр яллаа.
Энэ барилдааны өмнөхөн гүрж эр ордон даяар од болсон байв. Учир нь тэр хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн босоо аварга, замналдаа ганц ч ялагдал үзээгүй Францын алдарт бөх Тедди Ринерийг бараг л ялсан юм. Тэдний барилдаан нэмэлт цагт шийдэгдэж, цаг сунгасан бөгөөд энэ үед гүрж эр босоо аваргыг хавирч, үнэлгээ авах тун дөхсөн. Гэвч ялагдаж үзээгүй франц эр үүнээс 11 секундын дараа вазари үнэлгээ авч, шигшээд шалгарсан билээ.
Тиймээс ч ордон даяар Гүрж эрийг Монголын аваргатай хэрхэн барилдахыг нь хүлээж суусан болов уу. Гүрж, болон монголчууд ч ордонд олон байв.
Гэхдээ Н.Түвшинбаяр аварга маань барилдааны эхнээс л санаачлагыг авч, мордож вазари үнэлгээ авсан ч тэмцээний ерөнхий шүүгч цуцалсан. Гэвч аварга маань дахин нэг вазариг гуйж биш гуядаж авснаар тэргүүлж эхэлсэн юм. Барилдааны төгсгөлд өрсөлдөгчөө даралтад оруулснаар цэвэр ялалт байгуулж, удтал хүлээсэн дэлхийн медалиа авлаа.
Түвшээ аварга маань өмнө нь ДАШТ-д гурван удаа удаа шагналт байранд орж байв. Тэрбээр 2007 онд Рио де Жанейрогийн татамид +100 кг-д барилдахдаа шагналт тавдугаар байранд орсон бол 2010 онд Токиод мөн тавдугаар байр, хоёр жилийн өмнө Астанад долдугаар байр эзэлсэн билээ.
Сонирхуулахад, +100 кг-д Францын Тедди Ринер ээлжит түрүүгээ авлаа. Тэрбээр ийнхүү ес дэх алтан медаль, арав дахь медалиа хүртэв. Харин мөнгөн медалийг хэсгийн аваргын төлөө манай бөхийг ялсан Бразилын Дэвид Моура, хүрлийг Түвшээтэй хамт Бразилын Рафаэль Сильва зүүлээ.