Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж буй. Энэ өдөр хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн бөхчүүд аваргаа тодруулах юм.
+100 кг-д хүч үзсэн олимпын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Казахстаны Ерзан Шинкейвийг ялаад Австрийн Стефан Хейгиг вазари үнэлгээгээр илүүрхсэн. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө A хэсгийг тэргүүлсэн Бразилын Дэвид Моурад дийлдсэн юм.
Одоо аварга дагах тойрогт Гүржийн Адам Окруашвилитэй барилдана. Энэ жил 28 настай гүрж эр ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Манай бусад бөхчүүдийн хувьд +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт хийлсэн ч Францын домогт аварга Тедди Ринерийг барсангүй. Манай бөх D хэсгийг тэргүүлсэн ч Ринерийн чансаа буурсан тул ийм эрт таарсан аж.
Харин -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар эхний тойрогт Тажикстаны Сайдзалол Сайдовыг илүүрхсэн ч жингийнхээ шилдгүүдийн нэг Азербайжаны Элмар Гасимовыг барсангүй.
+78 кг-д Баттулгын Мөнхтуяа эхний тойрогт Нидерландын Тесси Савелкоулсыг дийлээгүй юм.