БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан 51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Энэ тэмцээнд 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцон 4 алт 3 мөнгө, 5 хүрэл медаль мөн 4 тамирчин шагналт байр эзэлж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медаль цомын эзэн болсон билээ. Тус тэмцээнд Монголоос 23 тамирчин, гурван улсын зэрэглэлтэй шүүгч оролцсон юм.
ААШТ-ээс хошоо алтан медаль хүртээд байгаа Г.Угалзцэцэг "ААШТ-нд байр эзэлсэн гээд санаа амран суух цаг биш. ДАШТ-ийг ирэх арван сард эх орондоо зохион байгуулах эрх аваад байна. Хятад улс энэ эрхийн төлөө өрсөлдсөн ч бид авч чадсан. Эх нутагтаа ирээд шууд л тэмцээнийхээ бэлтгэлд орлоо" гэв.