Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг, эрчүүдийн 60-д Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин нар зодоглосон юм. Харамсалтай нь, Д.Амартүвшин Хойд Солонгос, Аргентинийг ялсан ч Казахстаны Гусман Киргизбаевт дийлдлээ. Ингэснээр дагаж барилдах эрхгүй болов.
Харин дэлхийн аварга Г.Болдбаатар Турк, Франц болон Японы Рюжү Нагаяма нарыг ялаад хэсгийн аваргын төлөө Узбекистаны Диёорбек Урозбоевт дийлдлээ. Узбек эр өмнөх тойрогт Гүржийн Амиран Папинашвилиг сөхрүүлсэн билээ.
48-д М.Уранцэцэг Францын Мелан Клементэй хэсгийн аваргын төлөө хүч үзэх юм.