Мэргэжлийн боксын домогт аварга, АНУ-ын тамирчин Флойд Мэйвэйдер, холимог тулааны спортод тодорсон од, Ирландын Конор МкГрегор нарын тулаан спорт сонирхогчдын ярианы гол сэдэв болоод байсан. Шүүгчдийн булхай, мөнгөний тоглолт нь хэтэрсэн гэх дуулиан үргэлж дагадаг мэргэжлийн боксчдыг сүүлд байгуулагдсан ч эрчтэй хөгжиж буй холимог тулааны од тамирчид рингэн дээр урих болсон билээ. Гэхдээ Ф.Мэйвэйдер, К.МкГрегор нарын тулааныг жинхэнэ мөнгөний тоглолт гэж нэрлэхээс өөр аргагүй.
Боксоор хичээллэж, тулааны спортын дөртэй болсон ч Ирландын “сагсуу шар” мэргэжлийн боксын домогт аваргатай өөрийнх нь дүрмээр үзэлцэх нь оновчтой шийдвэр байгаагүй юм. Мэргэжлийн боксын стандарт бээлийнээс татгалзаж, аваргатай нударга зөрүүлэх болсон нь өөрийнхөө ялагдлыг бэлдээд өгчихсөн хэрэг гэлтэй. Мэргэжлийн бокст анхныхаа тулааныг хийсэн Конор, сүүлийн хоёр жил огт рингэнд гараагүй, 40 настай Флойд нарын тулаан ямар төгсгөлтэй болох нь ч ойлгомжтой байв.
Хоёр өөр тулааны спортын шилдгүүд хоорондоо учирсан. Флойд мэргэжлийн бокст 49 тулаан хийхдээ нэг ч ялагдаж байгаагүй бол ирланд залуу таарсан бүх учраагаа сөхрүүлж, жиндээ бүс эзэмшдэг аварга. Хэдийгээр Мэйвэйдер хоёр жил их спортоосоо хөндийрсөн ч энэ хугацаанд огт бэлтгэлээ таслаагүй, маш сайн формтой байгаа нь тулааны өмнөх бэлтгэлээс анзаарагдаж байлаа.
Бас Мэйвэйдер бол маш сайн тулаанчаас гадна чадварлаг бизнесмэн гэдгээ батлав. Тэр энэ тулааныг эртнээс төлөвлөж, МкГрегорыг сайтар судалсан юм. Хэрвээ Флойд өөрийгөө ялах боломжтой гэдгээ мэдрээгүй бол 49 дараалан ялсан төгс амжилтаа дуусгавар болгох шийдвэр гаргахгүй байв.
МЭЙВЭЙДЕРИЙН СҮҮЛИЙН ТУЛААН
Эхний үед хоёр тулаанч бараг дайралт хийсэнгүй. Гэхдээ МкГрегорын цохилтууд байгаа онож байсан тул энэ үе түүний ялалтаар өндөрлөсөн. Багахан ялалтдаа урамшсан ирланд эр дараагийн хоёр үеэс тоглолтын хэмнэлийг гартаа авлаа. Харин хашир боксчин Мэйвэйдер гуравдугаар үед л аюултай цохилт хийснийг эс тооцвол тактикийн тоглолт харуулсан юм.
Дөрөвдүгээр үед МкГрегорын эрч суларч, үүнийг ажигласан өрсөлдөгч нь хариу довтолж эхэллээ. Тэнцүүхэн үзэлцсэн энэ үеэс ирланд залуу ядарч, сульдаж байгаа нь ч анзаарагдаж байв. Түүний довтолгоо цөөрч, дүрмийн бус цохилт хийх нь ердийн үзэгдэл болсон юм.
Тулааны санаачилгыг гартаа атгасан Флойд тавдугаар үеэс тоглолтоо гаргаж эхэллээ. Хоёр гараа урдаа авч, нүүрээ хамгаалсаар ойрын зайнаас оновчтой цохилтоор өрсөлдөгчөө сандаргасан. Хүнд цохилтод цөөнгүй өртсөн ирланд залуу ч ялагдалтайгаа эвлэрсэн юм. Ядарч сульдсан холимог тулаанч хариу цохилт үзүүлэх нь бүү хэл хөл дээрээ арай гэж тогтож байв. Цаг хожих ганцхан замаар л тулааныг дуусгахаар хичээсэн юм.
Есдүгээр үед Мэйвейдерийн хүчтэй цохилтод өртсөн Конор манарч эхэлсэн. Хэрвээ цаг дуусаагүй бол энэ үед л шүүгч тоглолтыг дуусгах байлаа. Аравдугаар үе дөнгөж эхлээд л Флойдын шуурган довтолгоо эхэлж, гурав дараалсан хүнд цохилт хийсэн ч ирланд эр тэсэж үлдсэн. Ялагдах нь цаг хугацааны асуудал болсон ч МкГрегор тэсвэр сайтай, ясны тамирчин гэдгээ баталж, өрсөлдөгчийнхөө хүнд цохилтын ард гарч байв.
Эцэст нь ямар ч хамгаалалтгүй болсон МкГрегорыг рингэн дээр унахаас өмнө шүүгч тоглолтыг зогсоож, Мэйвэйдер техникийн нокаутаар өрсөлдөгчөө яллаа.
Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Мэйвэйдер сүүлийн тулаан гэдгээ албан ёсоор зарлав. Тэр өмнө нь ийм амлалтыг хоёр удаа өгсөн ч эргэн ирж байсан билээ. Гэхдээ энэ удаа жинхэнэ төгсгөл ирсэн гэж ярив. Харин МкГрегор аравдугаар үе хүртэл тэссэн нь түүний хувьд хангалттай гэсэн юм.
КОНОР МКГРЕГОР ДАРААГИЙН ТУЛААНДАА БЭЛТГЭНЭ
Хэдийгээр мэргэжлийн боксоор хүнд тулаан хийж, амархан ялагдсан ч Конор МкГрегор сэтгэлээр унаагүй. Тэр хэдийнэ дараагийн тулаанаа төлөвлөж амжсан. Гэхдээ энэ удаа мэргэжлийн боксоор биш холимог тулаандаа эргэн ирэх аж. Түүнтэй хамт олон жил бөхийн дасгалжуулагчаар ажиллаж буй ОХУ-ын Сергей Пикулски сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа холимог тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдахыг хүсэж байгаа гэнэ.
Тэр ч бүү хэл ирланд эр Хабибтай өөрийнх нь төрсөн нутаг болох Орост тулалдахыг санал болгосон. Хабиб 2011 онд UFC холбооны тамирчин болсноосоо хойш ганц ч ялагдаж үзээгүй. Тэрбээр нийт 24 тулаан хийхдээ бүгдэд нь илүүрхсэн. Хамгийн сүүлд Майкл Жонсоныг ялсныхаа дараа МкГрегорыг тахиа гэж нэрлэсэн удаатай.
Хабиб ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Тони Фергюсонтой тулалдахаар төлөвлөсөн ч UFC холбооноос Фергюсоныг аравдугаар сарын 7-нд Кевин Литэй хүч үзэх болсныг зарласан билээ. Ингэснээр тун удахгүй МкГрегор-Нурмагомедов нарын мөрөөдлийн тулаан болж магадгүй нь.