Францын нийслэл Парис хотод чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг жинд аваргууд тодрох юм. Эрэгтэйчүүдийн 65 кг-д Нармандахын Лхамгармаа, 70 кг-д Ганзоригийн Мандахнаран, 74-т Доржванчигийн Гомбодорж, 97-д Ө.Батзул нар хүч үзэв.
70 кг-д өгсөж өрсөлдсөн Г.Мандахнаран Лондоны олимпын хүрэлтэй, энэ жиндээ 2017 оны Азийн аварга болсон Азхурек Танатаровтой хоёрдугаар тойрогт барилдлаа. Манай тамирчин эхний үед зургаан оноо алдсан юм. Өрсөлдөгчөө сайн судлаагүй, жин нэмж орсон болоод тэр үү, бяраар дутмаг байгаа нь барилдааны явцад харагдсан юм. Хоёрдугаар үед тактикаа өөрчилж, дэвжээний зах руу түрээд тэндээсээ мэх хийж оноо авах байдлаар эхний хоёр оноогоо авсан ч хашир өрсөлдөгч нь сайн хамгаалж, улмаар 6:3-аар Казахстаны бөх яллаа. Тэрбээр дараагийн тойрогт куба гаралтай дэлхийн аварга, Риогийн олимпын хүрэл медальт Фрэнк Чамицотой барилдах юм.
74 кг-д барилдсан Д.Гомбодорж Испанийн Таймураз Фрьевийг барсангүй. Тэрбээр 4:2-оор дийлдсэн. Испани эр дараагийн тойрогт Риогийн олимпын хүрэлтэй Туркийн Сонер Демиртастай барилдана.