ДАШТ-ээс медаль хүртэх гэдэг хэн хүний үзүүлдэг амжилт биш. Тэр тусмаа дэлхийн хошой медальтан болно гэдэг ховор хувь тавилан. Францын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-д манай улсаас дэлхийн хошой медальтан төрсөн нь Э.Бэхбаяр юм. Ингээд түүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
1.Э.Бэхбаяр гэж хэн бэ?
Э.Бэхбаяр 1992 оны наймдугаар сарын 13-нд төрсөн. Энэ жил 25 настай.
2. Анхны багш
Түүнийг бөхийн замд хөтлөн оруулсан анхны багш бол Авирмэдийн Энхээ. Энэ хүн 1985, 1986 онд дараалан ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байв.
3. Дэлхийн медальтан
Э.Бэхбаяр 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон ДАШТ-ээс 57 кг жинд хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд 28 дахь хүрэл медалийн эзэн болж байв.
4. Хошой медальтан
Э.Бэхбаяр Парист гялалзтал барилдсаар энэ наадамд түрүүлсэн Японы Ю.Такахашид ялагдсан ч түүнийг дагаж ялсаар медалийн тавцанд гишгэлээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд 30 дахь хүрэл медаль. Бүр тодруулбал, эрэгтэйчүүдийн 19 дэх хүрэл медаль болов. Түүнчлэн багшийнхаа амжилтыг давтаж, дэлхийн хос медальтан болсон юм.
5. Эрэгтэйчүүдээс хос медаль авсан 10 дахь бөх
Манай улсаас дэлхийгээс хос медаль авсан тамирчин цөөнгүй бий. Тэд бол дэлхийн хошой аварга, нэг хүрэлтэй З.Ойдов, 1975 оны дэлхийн аварга, хошой мөнгөн медальтай Х.Баянмөнх, хошой мөнгөн медальтай Б.Болд, О.Пүрэвбаатар, мөнгө, хүрэлтэй М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, Б.Наранбаатар, хошой хүрэлтэй Г.Мандахнаран, Э.Бэхбаяр боллоо.
6. 50 жил
Манай улс 1967 онд хойш чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны медалиа авснаас хойш 57 дахь медалийн эзэн Э.Бэхбаяр байлаа. Сонирхуулахад, анхны хүрэл медалийг З.Ойдов 1967 онд хүрэл медаль хүртэж байв. Үүнээс хойш хагас зуун жил өнгөрчээ.