Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Монгол улсын гавьяат тамирчин, Лас Вегасын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны бөх Улукбек Жолдошбековыг 12:0-ээр илүүрхсэн юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь энэ онд Европын аваргаас хүрэл медаль зүүсэн Туркийн Сулейман Атли байв. Э.Бэхбаяр ямар ч алдаа гаргалгүй, өрсөлдөгчөө илүүрхсээр 7:0-ээр буулган авч, шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Японы Юки Такаши. Япон эр энэ оны Азийн АШТ-д түрүүлсэн юм.
Харин 61 кг-д Т.Түвшинтулга олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилид 5:1-ээр дийлдэж, дагаж барилдах эрхтэй үлдэв.
Эрчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо эхний тойрогт олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Туркийн бөх Таха Акгултай таарсан юм. Энэ барилдааны эхний үед 4:0, дараагийн үед 4:0-ээр дийлдлээ.