Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Монгол улсын гавьяат тамирчин, Лас Вегасын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны бөх Улукбек Жолдошбековыг 12:0-ээр илүүрхлээ.
Харин 61 кг-д барилдсан Түмэнбилэгийн Түвшинтулга эхний учраа болох Беларусийн Хусейн Шахбанауг 5:1-ээр илүүрхэж, шөвгийн 16-д олимп дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилитэй өрсөлдөхөөр боллоо. Энэ жил 26 настай гүрж эр Лондоны олимпоос мөнгө, Риогоос алт, 2014 онд Ташкентийн ДАШТ-ээс мөнгө, хоёр жилийн өмнө Лас Вегаст алтан медаль хүртсэн билээ.
Харин 86 кг-д Оргодолын Үйтүмэн Украины бөх Любомир Сагалюкт 6:3-аар ялагдсанаар дагах эрхгүй болжээ.