Парист болж буй сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөх юм. Эмэгтэйчүүдийн хоёр дахь өдөр 48, 53, 60, 69 кг-д аваргуудаа тодруулах аж.
Ингээд манай тамирчдын сугалааг танилцуулья.
48 кг: ОУХМ Э.Нарангэрэл
Манай тамирчин эхний тойрогт Нидерландын Жессика Бласзкатай барилдана. Энэ жил 25 настай энэ бүсгүй хоёр жилийн өмнө 48 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Нидерландаас 28 жилийн дараа тив, дэлхийд медаль хүртсэн бөх болж байв. Хэрвээ түүнийг ялвал Туркийн Евин Демирхан, БНХАУ-ын Люинг Кин нарын хожсонтой нь зодоглох юм.
53 кг: Д.Отгонцэцэг
Дэлхийн дэвжээнээс хос медаль хүртсэн Д.Отгонцэцэгийн эхний өрсөлдөгч нь Германы Нина Хеммер. Немц бүсгүй Европын АШТ-ээс мөнгө, хүрэлтэй, энэ жил 24 настай нэгэн. Тэрбээр Риогийн олимпод оролцсон ч эхний тойрогт БНХАУ-ын Зон Хуечунд ялагдсан юм. Хэрвээ Д.Отгонцэцэг ялвал дараагийн тойрогт Канадын ахмад бөх Жессика МакДоналд болон ОХУ-ын залуу тамирчин Сталвира Оршуш нарын ялсантай нь үзэлцэнэ.
60 кг: Б.Шоовдор
Манай тамирчин эхний тойрогт хийлсэн бөгөөд ОХУ-ын Любов Овчарова, Риогийн олимпын аварга Японы Рисако Кавай нарын ялсантай нь оноолт таарна.
69 кг: О.Насанбурмаа
Манай тамирчин эхний тойрогт Киргизстаны бөх залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Меерим Зуманазароватай хүч үзэх болов. Түүнийг ялвал БНСУ-ын Хю Бин Ким, Энэтхэгийн Каур Навжот нарын хэн ялсантай барилдах юм.