Францын нийслэл Парис хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ гурав дахь өдрөө болж өндөрлөлөө. Эхний хоёр өдөр сонгомол бөхөөр аваргуудаа тодруулсан бол гурав дахь өдрөөс чөлөөт бөхийн эмэгтэй бөхчүүд алтын төлөө тэмцэлдсэн юм. Орон нутгийн цагаар өчигдөр буюу энэ сарын 23-нд эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан боллоо. Тэднээс 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шеораныг 10:0-ээр, дараагийн даваанд ДАШТ-ий хүрэл медальт, Шведийн бөх Катерина Йоханссоныг 6:2-оор буулган авч, улмаар Нигерийн бөх, Лондон, Риогийн дэвжээнд хүч үзсэн туршлагатай Блессинг Оборудуруг 13:0-ээр оноогоор цэвэр ялж, медалийн төлөөх барилдаанд олимпын хошой хүрэл медальт Колумбын төлөөлөгч Жаклин Рентериаг мөн 13:0-ээр оноогоор цэвэр хожсоноор эх орондоо медаль авчирсан юм.
Манай бөх аваргын төлөө Украины бөх, дэлхийн алт, хүрэл медальт Юлия Ткачтай тунаж үлдсэн. Түүний өрсөлдөгч нь энэ жил 27 настай, Динамо спорт клубийн тамирчин аж.
Барилдааны эхэнд хоёр оноог авч, салхи хагалсан П.Орхон энэ оноогоо ахиулсаар 6:3-аар Ю.Ткачийг буулган авлаа.