Чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй дөрвөн жинд медальтнууд шалгарна. Эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Украины Тетьяна Китийг 7:6-гаар буулган авсан билээ. Манай тамирчин хоёрдугаар тойрогт Туркийн бөх Бедиа Гүнтэй учраа таарсан юм. Турк тамирчин өнгөрсөн онд улсаа төлөөлөн Риогийн олимпод зодоглосон туршлагатай, энэ жил дөнгөж 22 настай юм.
Манай тамирчин эхнээсээ л барилдааны санаачлагыг авч, зүтгэсээр өрсөлдөгчөө 8:3-аар буулган авчээ.
Ингэснээр шөвгийн наймд манай бөх Нигерийн тамирчин Одунаяо Адекуоройтой барилдахаар болов. Энэ бөх хоёр жилийн өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нэгэн.