Чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй дөрвөн жинд медальтнууд шалгарна. Эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Украины Тетьяна Китийг 7:6-гаар буулган авсан билээ. Манай тамирчин хоёрдугаар тойрогт Туркийн бөх Бедиа Гүнтэй учраа таарсан юм. Турк тамирчин өнгөрсөн онд улсаа төлөөлөн Риогийн олимпод зодоглосон туршлагатай, энэ жил дөнгөж 22 настай юм.
63 кг-д манай гол найдварын нэг П.Орхон Энэтхэг өрсөлдөгч Шилпи Шеораныг 10:0-ээр давамгайлсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь 2010 онд Москвагийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Хенна Йоханссонтой өрсөлдөх юм.
Харин 58 кг-д А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гулшахарат Талассоватай учраа таарсан. Манай тамирчин өрсөлдөгчөө 9:2-оор ялсан билээ. Харин дараагийн даваанд Нигерийн бөх, 2014 онд хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн Аминат Аденьетэй учраа таарав. Хоёр тун ойролцоо хүч үзсэн ч манай тамирчин оноо авч чадахгүй байсаар барилдаан дуусахаас нэг минутын өмнө ганц оноо авсан ч бүхэл хоёр оноо алдсан тул 2:1-ээр харамсалтай ялагдал хүлээлээ.