ОХУ-ын пауэрлифтингийн аварга Андрей Драчёв гудамжинд зодоон хийх үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй нас баржээ. Хабараовск хотын нэгэн кафены гадаа өнгөрсөн ням гаригт болсон зодоон хянах камерт бичигдсэн юм.
Уг үйл явдал орон нутгийн цагаар өглөөний 7 цагт болсон байна.
Драчёвын өрсөлдөгч холимог тулааны спортоор хичээллэдэг байж болзошгүй гэнэ. Сэжигтэн Анар Аллахверановыг цагдаагийнхан хайж байгаа бөгөөд зодооны дараа зугтсан аж.
Драчёв 2008 онд өсвөрийн поуэрлифтингийн дэлхийн аварга болоод 2011 онд залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр энэ жилээс бодибилдингийн тэмцээнд оролцох болсон юм.
Түүний үхлийн талаар ОХУ-ын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч Юри Устинов Russia Today-д өгсөн ярилцлагадаа "Пауэрлифтингийн тамирчид бол тулааны спортын төлөөлөгчид биш. Ингэж зодолддог цаг үе өнгөрсөн" гэж онцолсон юм.