Их Британийн жүдоч, цагтаа гурван олимпод улсаа төлөөлөн оролцож байсан Уинстон Гордон Испанийн Барселона хотод болсон халдлагад өртжээ. Тэрбээр тэнэсэн суманд оногдож, хөлөндөө шархадсан байна. Азаар түүнийг оносон сум шүргээд өнгөрсөн тул жүдоч эр эмнэлэгт очих шаардлагагүй байжээ. Энэ жил 40 настай жүдоч халдлага болдог өдөр найзуудтайгаа уулзаад аяга шар айраг ууж байсан гэнэ. Испанийн цагдаагийнхан алан хядагчдыг хөөж, тэдэнтэй буудалцах үеэр Гордон хажуугийнх нь бааранд сууж таарсан юм.
Өдгөө жүдогийн багш, дасгалжуулагчаар ажиллах болсон Уинстон Гордон халдлага Олон улсын жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийн баазад туслах зорилгоор Испанид ирсэн гэнэ. Тэрбээр одоогоор Германы Мюнхен хотод жүдогийн багш мэргэжлээрээ ажиллаж буй.
Цагдаа нар түүнийг шархадсаны дараа эмнэлэгт очих хэрэгтэй гэж зөвлөсөн ч Гордон эмчийн тусламж шаардлагагүй гэсэн аж.
Уинстон Гордон 90 кг-д барилддаг байсан бөгөөд Дэлхийн цомын тэмцээнээс хоёр мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн жүдоч. Түүнчлэн Афинаас Лондон хүртэлх гурван олимпод зодоглож, Афины олимпод шагналт тавдугаар байрт орж байв. Тэрбээр 2007 онд Бразилын Рио де Жанейро хотод болсон ДАШТ-ээс мөн шагналт долдугаар байрт бичигдсэн юм. У.Гордон 2009 оны ДАШТ-д манай Б.Ариун-Эрдэнэг ялж байсан бол хоёр жилийн дараа Дэлхийн цомын тэмцээнд улсын начин Э.Энхбатыг илүүрхсэн юм.