Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороог мэдэхгүй спортын хорхойтон үгүй. Тэр их айлын голомтыг сахиж 20 жил зүтгэсэн, хурандаа Довчингийн Цог- Эрдэнэ Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Зэвсэгт хүчнийхэн “Буурал Цогоо” хэмээн авгайлсан тэрбээр “Алдар”-ыг өнгөтэй байлгахын төлөө амьдралынхаа 20 жилийг зориулсан нэгэн. Түүнтэй цолны мялаалгаа хийх гээд завгүй үед нь уулзаж ярилцлаа.
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас төрсөн 21 дэх Гавьяат цолтон нь та боллоо.
-Тийм ээ. Манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Бүрэнхишиг 20 дахь нь юм. Алдартан, гавьяатнууд олонтой ийм сайхан нутагт төрж өсөж, Гавьяат цол хүртсэн 21 дэх хүн нь болсондоо туйлын баяртай байна. Гавьяатуудын отгон нь би биш, миний араас олон зуун хүн ийм хүндтэй шагнал хүртэнэ. Өм- нөдэлгэр бол олон Гавьяат өлгийдсөн буянтай газар юм шүү дээ. Үүнийг байнга сэтгэлдээ бодож, хүн бүхэнд ч хэлж явна. Төрж өссөн нутаг гэдэг бол хаанаас ч хайгаад олдохгүй, юугаар ч орлуулшгүй газар гэж би боддог. Энэ нутгийн зон олон, бурхад, өвгөд, өдгөө тэнд амьдарч буй залуустаа Өмнөдэлгэрээс төрсөн, ирээдүйд мэндлэх Гавьяатуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
-Цог-Эрдэнэ хурандаад яагаад Гавьяат цол олгодоггүй юм бэ гэдэг яриа Зэвсэгт хүчнийхний дунд их байсан. Энэ хүндтэй шагналыг хүртэхэд хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Төрүүлж, өсгөсөн ээжийгээ л боддог юм билээ. Төрийн ордноос гараад ээж, аавынхаа голомтод очиж сэтгэлээ тайтгаруулж уйлсан. Ээж минь өнгөрсөн жил долдугаар сарын 9-нд нас барсан юм. Харин би энэ жилийн долдугаар сарын 9-нд ийм шагнал хүртлээ. Ийм шагнал авч байгааг аав, ээж минь харж чадсангүй. Уг нь ээж минь намайг энэ шагналыг авчих байх гэж битүүхэн итгэж хүлээж байсан юм шиг байна лээ. (Нулимс унагав)
Манай Зэвсэгт хүчнийхэнд ийм хүлээлт байсан юм билээ. Шагналаа авчихаад гарч ирээд маш их гайхсан. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх 850 хүний 450 нь наадмын нээлтэд оролцож, бүжиглэсэн юм. Ер нь энхийг сахиулах аль ч ажиллагаанд оролцож байгаа офицер, ахлагч нараас биеийн тамирын шалгалт авах нь миний ажил юм. Тэр 450 алба хаагч маань бүжгээ давтаж байгаад намайг Гавьяат дасгалжуулагч цол хүртэж байгааг сонсон, хүндэтгэл үзүүлэхээр ямар ч команд, тушаалгүйгээр өөрсдөө Төв цэнгэлдэх хүрээлэнгээс жагсаалаар алхаж, Төрийн ордны гадаа ирсэн байлаа. Би тэднийг жагсаад хүрээд ирнэ гэж бодоогүй. Тэгэхээр манай Зэвсэгт хүчнийхэн дунд намайг “Гавьяат дасгалжуулагч болчихоосой гэсэн хүлээлж байжээ” гэдэг нь харагдсан.
-Та ер нь ямар спортын хүн юм бэ? Дунд сургуулиасаа л спортоор хичээллэсэн нь гарцаагүй байх.
-Спортод хөл тавьсан үе минь дунд сургуулийн сурагч байхаас эхтэй. Спортоор тун идэвхтэй хичээллэдэг байлаа. Боловсролын системд биеийн тамир, спортыг сурталчлах, хөгжүүлэх шаардлага байсныг бидний үеийнхэн маш сайн биелүүлсэн. Манай сумын сургуульд Эрдэнээ, Дэмчигмаа, Б.Бат-Эрдэнэ аваргын багш аймгийн арслан, “тавхай” хэмээх Содном гуай бидэнд биеийн тамирын хичээл заадаг байлаа. Тэр багш нарын минь сэтгэл, зүтгэл нь спортод хөтөлсөн анхны алхам байж дээ гэж боддог юм.
Би гар бөмбөг, хөл бөмбөг, гүйлт, бөх гээд спортын бүх л төрөлд сонирхолтой, яггүй тамирчин сурагч байв. Гэхдээ дан ганц спортоо хөөгөөд бусад хичээлээ орхичихоогүй ээ. Таван онцын эзэн байлаа. Ижий, аав минь ч намайг их дэмждэг байсан. Хэдийгээр “Спортоо орхи, хичээл ном нь цалгардана” гэж зэмлэх үе байсан ч, бие бялдар нь хөгжөөсэй, өвчинд дарлуулдаг, сул дорой нэгэн болгочихгүй юм сан гэж цаанаа боддог л байсан болов уу
Анх сургуулийнхаа I-III ангийнхны дунд болсон спартакиадын 60 метрийн гүйлт, өндрийн харайлт, бөмбөг шидэлтэд амжилттай оролцоод, сургуулийн захиргаанаас хөх өнгөтэй диплом авсан юм. Олон тэмцээн уралдаанаас хүртсэн дипломуудаас хамгийн эрхэм нь тэр хөх диплом минь юм. Ийм багаасаа спортод хөл тавьж, шимтэн, уйгагүй зүтгэсээр иржээ. Тэр үед Ерөнхий боловсролын найман жилийн сургуулиудын уулзалт гэж спорт, урлагийн том наадам жил бүрийн тавдугаар сарын 1-нд болдог байв. Үүнд бүх сумын сурагчдын төлөөлөл оролцоно. Энэ наадамд амжилттай оролцож, сумынхаа нэрийг гаргана гэдэг бидний хувьд тийм ч амаргүй. Спортын сайхныг мэдэрсэн анхны, томоохон арга хэмжээ нь энэ юм. Манай сум энэ тэмцээнд байнга дээгүүрт орно л доо. Бидний дээд үеийнхэн бөх, хөнгөн атлетикаар аль ч сургуулийг гаргаадаггүй байсан бол манай үеийнхэн шижигнэсэн залуу багш нараар хичээл заалгаж эхэлснээр бөмбөгтэй спортын төрлүүдээр аймагтаа тэргүүлж эхэлсэн. Ялангуяа, Дэмчигмаа багшийн хувь нэмэр үүнд маш их. Сагсан бөмбөгөөр манай баг хоёрдугаар байрт орсон нь сумын сурагчид аймагт энэ төрлөөр амжилт гаргасан анхны тохиолдол байлаа. Сагсан бөмбөгийг төвийн хүүхдүүд л тоглодог гэсэн ойлголттой байсан шүү дээ, тэр үед. Энэ явдал надад маш их урам зориг, спортод хорхойсох шалтгаан болсон.
-Барилдаж, дээлээ уралцаж яваагүй хүүхэд хөдөөд үгүй. Танай удамд ч даншгийн цолтой бөх байсан гэдэг. Та харин хэр ноцолдож явсан бэ?
-Есдүгээр ангид байхдаа сумын наадмаар анх удаа барилдаж үзлээ. Нэг, хоёрын даваанд болохоор тэр хавиар сул чөлөөтэй гүйж яваа сургуулийн хүүхдүүдийг бүртгээд л барилдуулчихдаг. Эмх замбараагүй гэхээсээ илүүтэй хүүхэд, залуусыг сургах, бие бялдар сайтай болгох гэсэн нэг арга байсан юм уу даа. Ийм тохиолдлоор барилдахаар болтол эхний даваанд аймгийн начин “Өндөр” Баатар гуайтай таардаг юм байна. Баатар гуай маань 40 орчим настай байсан санагдана. Харин би 16-тай. Начин тонгойгоод миний хөл рүү орох гэхэд нь би чирч дугтраад гүйв. Наадмын талбайн хэвгий хэсэг таарсан уу, нэг мэдэхэд Баатар гуай өвдөглөчихдөг юм. Тэгэхэд би олимпод ялалт байгуулчихсан аятай баярлаж билээ. Гэхдээ дэвж шавахаа ч мэдэхгүй байсан болохоор ичээд л зогсоод байсан юм даг. “Цогоо Баатар гуайг хаячихлаа” гээд манай ангийнхан сүйд болж байна. Хоёрын даваанд аймгийн начин Жанцансамбуу гуайтай таарлаа. Би халз хутгадаг ганц мэхтэй. Тэгээд өнөөхөө хийх гэтэл хөлийг минь ганц хавчаад, хажуу тийш нь мушгичихав. Би бөгсөөрөө пад хийтэл суучихсан. Хашир хүн миний мэхэнд юу гэж унах вэ дээ. Ямар ч байсан Баатар гуайг давж, ангийнхандаа магтуулсан болохоор тэр үү, их урамшиж билээ.
Миний аав Баатарын Довчин гэж байлаа. Нутгийнхан минь “Сахал” хочоор нь илүү сайн мэднэ. Аавын минь аав даншгийн арслан байсан. Бөхийн удамтай болохоор аав минь намайг барилдаасай гэж бодож, хардаг байсан болов уу, тэр үед. Б.Бат-Эрдэнэ аварга тэр үед ид нэр нь гарч байлаа. Анх улсад очиж барилдаад дөрөвт ороод, аймаг, сумынхаа нэрийг гаргаж, нутаг усныхнаа баярлуулсан. Аварга манай дээд талын ангид төгсөж, би X ангид ороход аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд сумаас хоёр хүүхэд оролцсоны нэг нь би байв. Ээжээсээ айгаад үнэн учраа ч хэлж чадалгүй, оргочихсон. Өмссөн хувцастайгаа, ангийнхаа хүүхдэд цүнхээ үлдээчихээд тэр чигтээ аймаг руу шууданд суугаад явчихсан юм. Тэгээд аймгийн Спорт хороонд очтол “Барилдаан өчигдөр эхэлсэн, хоёр дахь өдрөө үргэлжилж байна” гэлээ. Тэгээд учир явдлаа хэлтэл “Өмнөдэлгэрээс ирсэн юм чинь оруулъя” гээд бид хоёрыг бүртгээд, шууд барилдуулахаар болов. 20 гаруй сургуулийн сурагч оролцсон барилдаанд би насныхаа ангилалд зургадугаар байрт орсон. Сумынхаа нэрийг гаргаж чадсангүй, хойгуур орлоо гээд их ичиж билээ. Ингээд үндэсний бөх бол миний “тоглоом“ биш гэдгийг яваандаа ойлгосон. Спорттой холбогдсон энэ мэт сайхан түүх өчнөөн бий.
-Ленинградын Цэрэг, биеийн тамирын сургуулийг хэрхэн зорьж байв?
-Өмнөдэлгэрийн хүүхдүүд хичээл сурлагадаа жигд сайн байсан болохоор голдуу их, дээд сургуулийн хуваарь авчихдаг байв. Намайг арван жилээ төгсдөг хавар БХЯ-ны Боловсон хүчний газраас хэдэн хүн аймаг, сумдаар явж судалгаа хийсэн. Армид сонирхолтой, ирээдүйтэй, бие бялдар сайтай залуусыг сонгон шалгаруулж, гадаадын их, дээд сургуульд сургаж, боловсон хүчин бэлтгэх зорилготой байсан юм билээ. Тэр хүмүүс надтай уулзсан юм. Бодвол сургуулийн захиргаанаас намайг санал болгосон байх. Тухайн үед арми, батлан хамгаалахын талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байтал цэргийн сургуульд явах санал тавьсан. Ээж, аавтайгаа ч зөвлөлгүй, өнөөх хүнд болно, бүтнэ гээд хэлчихлээ. Тэгээд зургадугаар сард аймагт элсэлтийн шалгалт өгөх гээд очтол Хэнтий аймгаас дөрвөн хүүхэд цэргийн сургуульд явуулахаар Улаанбаатар руу илгээв. БХЯ-нд ирээд бүртгүүлтэл гадаадад цэргийн сонсогч бэлтгэх төв рүү явуулна, жилийн хугацаанд бэлтгэнэ. Орос багш орос хэлээр хичээл заана гэж хэлээд биднийг шууд ачсан даа. 18 аймаг, есөн дүүргээс цугларсан 200- гаад залуу Тавантолгой дахь Сургалт бэлтгэлийн төв рүү явсан. Ээж, аавынхаа өврөөс гараагүй шахам хүүхдүүд тэнд нэг жил бэлтгэгдэхдээ маш их зүйл сурсан.
-Цэргийн өөр мэргэжлээр сурч болоогүй юм уу?
-Ингэж нэг жилийн хугацаанд бэлтгэсний дараа биднээс дахин шалгалт аваад ямар чиглэлээр сурахыг нь шийдсэн. Шалгалтаа нэлээд боломжийн өгөөд, тухайн үеийн хүүхэд, залуучуудын мөрөөдөл болсон Ленинградын Цэрэг, биеийн тамирын дээд сургуульд элссэн. Эл сургууль тухайн үедээ цэргийн шугамаар биеийн тамирын боловсон хүчин бэлтгэж байсан ганц сургууль нь байсан юм. Одоо ч тийм. Бүх спортоор хичээллүүлж, дөртэй болгодог. Түүнээс гадна заах арга зүй, сургалт, дасгалжуулалтыг эзэмшүүлж байна. Дор хаяж спортын нэг төрлөөр амжилт гаргаж, зэрэг, цол хамгаалах хэмжээнд хүргэдэг. Бие бялдрын ачаалал их учраас залуу хүн тэсвэрлэхэд бэрх. Тийм л хатуу дэгтэй сургууль. Ер нь дэлхийд цэргийн биеийн тамираар ингэж хичээллүүлдэг хоёрхон сургууль байдаг юм. Нэг нь АНУ-ын Сан-Диего хот дахь Тэнгисийн цэргийн биеийн тамирын сургууль, нөгөө нь Ленинградынх. Ийм сургуулийг төгсөж, мэргэжил эзэмшсэндээ өөрийгөө азтайд тооцдог.
Таван жил сурахдаа багш нарынхаа заасан бүхнийг сайтар эзэмшиж, өгсөн даалгаврыг нь ягштал биелүүлж, хичээл зүтгэл гаргасныхаа ачаар би сургуулиа онц төгссөн. ЗХУ-ын төрийн тэргүүн Михаил Горбачев, Батлан хамгаалахын сайд, маршал Д.Язов нар цэргийн сургууль онц төгссөн хүүхдүүдийг хүлээж авч баяр хүргэдэг байв. Би тэр хүлээн авалтад ээж, аав хоёрынхоо хамтаар очсон нь хамгийн дурсгалтай, сайхан мөчийн нэг байлаа.
-Онц төгссөн шинэхэн офицер хотод шингэж чадсан уу. Эсвэл хөдөө томилогдов уу?
-Сургуулиа төгсөөд ирлээ. Залуу, ойворгон байсныг ч хэлэх үү, “Онц төгссөн юм чинь ямар ч байсан нийслэлийн аль нэг цэргийн ангийн биеийн тамир, спорт хариуцсан дарга болох байх” гээд их додигор байлаа. Тэрнээс илүү аз тохиовол Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш, цаашлаад “Алдар” спорт хорооны дасгалжуулагч болчих юм сан гээд ихийг бодно. Сайдын зөвлөлийн хурлаар намайг орууллаа. Шинэхэн төгсөгч нарт Батлан хамгаалахын сайдын тушаалаар дэслэгч цол олгож, онц төгссөн гээд 300 төгрөгөөр урамшуулсан юм. Тэгээд Ардын армийн 131 дүгээр ангид хуваарилчихав. Тушаалаа аваад гармагцааг ойр явж байсан нэг офицероос 131 дүгээр анги хаана байдгийг асуутал “Дорноговийн Зүүнбаянд бий” гэлээ. Үүнийг нь сонсоод баахан сэтгэлээр унаж, “Би ийм газар ажиллахын тулд Оросод сурсан хэрэг үү” гээд нутаг руугаа явж билээ. Гэвч гэрийнхэндээ зэмлүүлээд аав минь Зүүнбаян орох галт тэргэнд бараг хүчээр шахам намайг суулгаад явуулсан даа. 131 дүгээр ангийн Биеийн тамир, спортын даргаар очсон түүх ийм.
-Тэнд хэр удав?
-Нэг жил ажиллаж, амьдарсан. Нэг орой жижүүртэй сууж байтал БХЯ-наас хурандаа Гомбо гэдэг хүн утасдаж “Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Биеийн тамирын тэнхимийг шинэчлэх уралдаант шалгалт, сонгон шалгаруулалтад орох уу. Маргааш өглөө 09.00 цагт сургууль дээр бэлэн бай” гэдэг юм байна. Зүүнбаяндаа үлдэх үү, өөрийгөө сорьж үзэх үү гэж нэлээд бодсоны эцэст уралдаант шалгаруулалтад оролцохоор шийдэв. Гэтэл галт тэрэг явчихсан, унаа олддоггүй. Найздаа учраа хэллээ дээ. Тэгээд л “ГАЗ-53” машинаар шөнөжин давхиад өглөө 10.00 цагийн үед сургуулийн гадаа ирлээ. Хоёр хоног шалгалт үргэлжилж, гурав дахь өдөр нь дүнгээ гаргалаа. Намайг хүргэж ирсэн хоёр маань сургуулийн гадаа машин дотроо л хонон өнжин хүлээсэн дээ. Шалгалтын дүнгээр би нэгд жагссан байна шүү. Тэгсэн тухайн үеийн шалгалтын комиссынхон “Бүх гүйцэтгэл нь тэгш сайн залуу байна” гээд БХЯ-ны 13 дугаар газарт биеийн тамирын тасгийн мэргэжилтнээр авахаар шийдвэрлэсэн.
Манай дивизийн захирагч “Чам шиг дэслэгч хүн яаманд ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг. Сайн байна” гэж дэмжээд намайг явуулсан. Тухайн үед туршлагатай олон дарга байлаа. Дэд хурандаа Эрдэнэтогтох, “Яс” Бямбаа гэж хүмүүсийн удирдлага доор ирж байгаа юм л даа. Тэгээд л хамтарч ажиллаад, армийн спортын удирдах ажилтан, бодлого чиглэлийг хариуцах болсон. Тэр үед цэргийн сургалт бэлтгэлд “дэслэгч Цог-Эрдэнэ шиг хий” гэдэг байв.
-Цэргийн сургууль төгсөгчдөөс биеийн тамирын шалгалт авахыг та санаачилсан гэл үү?
-Тийм ээ. Цэргүүд нь соонс эргэж байхад цэргийн сургууль төгсөөд очсон дэслэгч нар модон морин дээгүүр ч харайж чадахгүй байж болохгүй гэдэг шаардлага тавьсан юм. Ингээд л улсын шалгалт авдаг болсон. Одоо ч авсаар байна. Энэ маань ирээдүйн офицерийг сэтгэл зүй, бие бялдарын чадвар сайтай болгох л гэсэн хэрэг л дээ. Түүнээс гадна гардан байлдааны сургалт офицер, ахлагч нарт зохион байгуулж, Хойд Солонгосоос Пак гэж таэквондогийн багш ч авчирч байлаа. Энэ бүх ажил минь тухайн үедээ зөв байсан. 1992 оноос хойш армийн марш тактикийн тэмцээнийг тасралтгүй зохион байгууллаа.
-“Алдар” спорт хорооны орлогч даргаар олон жил ажиллалаа. Олон ч Гавьяат тамирчин, дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар төрүүлсэн. Тус хороотой холбогдсон талаар хэвлэлд олон гарсан л даа. Гэхдээ хүнд үеийг нь хэрхэн давж байв гэдэг сонин байна л даа.
-Тус хорооны орлогч даргаар 20 жил ажиллажээ. Тухайн үед нийгмээ дагаад спорт, урлагийн байгууллага зогсонги, бүр сөнөлтийн байдалд орсон байсан гэж болно. Тэр үед БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд түүнийг олж хараад Цог-Эрдэнэ гэдэг нөхрийг тийш нь явуулах нь зөв юм байна, түүнийг босгох хэрэгтэй гэдэг үүднээс намайг шилжүүлсэн болов уу. 1997 онд орлогч даргаар очиход ганц тамирчинтай, хуучин спорт заалтай, 4-5 ажилтантай байгууллага байсан. Зах зээлийн үед ажилчдаа цалинжуулж чадахгүй болчихсон, бөхчүүдээ бүгдийг нь халчихсан байсан. Бөхчүүдийг “Зэв” концерн рүү шилжүүлж, тэд ногоо хураах, мод татах, ачаа буулгах зэргээр л мөнгөтэй болдог байв. “Алдар” спорт хороог дахин төрүүлэх, сэргэн мандуулах, улам илүү болгох нөр их хөдөлмөр намайг ажил авснаас хойш өрнөжээ. Өдгөө 210 тамирчинтай, 50-иад ажилтантай болгож, спортын ганц төрөлтэй байсныг нь 14 болгож нэмэгдүүлэв. Монгол Улсад түлхүү хөгжиж байгаа спортын бүх төрлөөр шүү. Зэвсэгт хүчний ангийн дугаар, байлдааны тугтай болголоо. “Алдар” спорт хороог Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүрттэл нь зүтгэжээ. Манай хороо Монголын бүх ард түмний спартакиадад зургаан удаа түрүүллээ. Нэг ч удаа хоёрдугаар байранд орж үзээгүй. Намайг орлогч даргаар ажиллах хугацаанд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтон тус бүр нэг, Гавьяат дасгалжуулагч зургаа, Гавьяат тамирчин 18 төрсөн байна. Мөн дархан аварга, аварга тус бүр нэг, арслан гурав, гарьд хоёр, начин цолтой 40 гаруй бөх төрөн гарчээ. Би үүнийг ганцаараа хийгээгүй ч “Алдар”-ыг ямар болгосныг үнэлж төр шагналаа. О.Балжинням аваргатай 14, Г.Өсөхбаяр аваргатай зургаан жил хамт ажиллажээ. Нэг дархан аваргатай дээд, доод ангийн, нэг нутгийнх, хоёр аваргын орлогч дарга хийсэн, би их азтай хүн.
-Бас Цэргийн дэлхийн спортын холбоонд Монголын Зэвсэгт хүчнийг гишүүнээр элсүүлсэн хүний нэг нь та биз дээ?
-Цэргийн дэлхийн спортын холбоо (CISM) гэж байгууллага бий. Эгнээндээ 134 орныг нэгтгэсэн том холбоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр холбооны гишүүн байх ёстой гэж үзээд 1992 онд Бээжинд болсон тэмцээний үеэр гишүүнээр нь элсэж байлаа. Түүнээс хойш бидний нэр хүнд өссөөр ирэх есдүгээр сард цэргийн спортын Зүүн хойд Азийн жүдогийн тэмцээн манайд болох гэж байна. Цэргийн дэлхийн аваргад Мандахнаран, Гүндэгмаа гээд олон тамирчин эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлсэн шүү дээ. Нэг түүх сонирхуулахад, хятадуудын 11 жил ноёрхож байсан хурдан буудлагын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх очоод түрүүлж, дээд амжилтыг нь тасалж байлаа. Тэр багийнх нь ахлагч гэхэд ахлах хурандаа (манайхаар бригадын генерал) цолтой эмэгтэй байлаа.