Пакистан гаралтай Их Британийн боксчин Амир Ханын гэр бүлийг тойрсон дуулиан ид шуугиулж байна. Афины олимпоос 17 насандаа мөнгөн медаль хүртэж, хамгийн залуудаа олимпоос медаль авчирсан англи боксчин болсноор ард түмний хайртай хүү болж хувирсан Амир Хан хожим мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон билээ. Харин энэ удаа өөрийн цахим хуудсаар дамжуулан гэнэтийн гэмээр мэдэгдэл хийсэн нь түүний эхнэртэй нь холбоотой. Твиттер хуудсаараа дамжуулан эхнэр Фариал Махдум нар албан ёсоор салж байгаагаа зарласан юм. Эхнэр нөхөр салах нь сонин зүйл биш. Харин Амир Хан эхнэрээ Лондоны олимпын аварга, хүнд жингийн дэлхийн аварга цолыг Украины боксчин Владимир Кличкогоос булаасан Энтони Жошуатай явалддаг гэж буруутгасан байна.
Амир Хан, Энтони Жошуа нар.
Харин эхнэр нь үүнийг үгүйсгэж, твиттерийн жиргээ нь хакердуулсан байх гэж мэдэгдсэн бол Энтони Жошуа тэдний салалтад огт хамаагүй гэдгээ зарлаж, Амир Ханы эхнэртэй огт уулзаж байгаагүйгээ хэлжээ. Үүний дараа Амир Хан цахим ертөнцөд видео бичлэг хийж, эхнэрээсээ салж байгаагаа албан ёсоор зарлаад зогсохгүй, өмнө нь бичигдсэн зүйлс ч худлаа биш гэдгийг мэдэгдэв.
Харин Амир Ханы гэр бүлийнхэн тэдний салалт гэнэтийн санагдаагүй гэнэ. Тус гэр бүлтэй ойр байдаг нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр бол тэдний хэрүүл их удаан үргэлжилсэн бололтой. Түүнчлэн бэргэнээ амиа хичээсэн зантай, хууран мэхлэгч гэж цоллосон байна.
Тэд 2013 онд хуримаа хийсэн. АНУ-ын Нью-Йорк мужид болсон уг хуримд 300 гаруй зочин оролцож, "Hello" сэтгүүлийн тэргүүн нүүрт заларч байв. Үүний дараа өөрийн төрсөн нутаг болох Англид 4000 зочин оролцсон нүсэр хурим хийсэн юм. Тэд дундаасаа нэг охинтой бөгөөд Ламасиах нь 2014 онд төрсөн аж.