Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өчигдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Аваргыг шинэ цолоо энгэртээ гялалзуулсаар Төрийн ордноос гарч ирэхэд нь МЧБХ, “Хилчин” спортын хорооны хамт олон, Д.Дагвадорж аварга, анхны багш Д.Дондов, өнөөгийн дасгалжуулагч З.Дүвчин тэргүүтэй спортын төлөөлөл, гэр бүлийнхэн нь угтан, баяр хүргэв.
Энэ үеэр тэрбээр “Юуны өмнө намайг өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн аав, ээж, ачит багш нартаа баярлалаа. Польшид эмчилгээ хийлгэж байгаад даваа гаригийн өглөө сэрэх нь ээ утсанд олон хүний дуудлага, баярын мэндчилгээ ирсэн байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдон Хөдөлмөрийн баатар цолоор шагнах зарлиг гарсан тухай дуулгахад сэтгэл их догдолж, хамгийн түрүүнд аавынхаа тухай бодсон. Аав маань амьд сэрүүн байсан бол их баярлах байсан даа.
Сая Төрийн ордноос гарч ирэхэд нөмөр нөөлөг, орон зай нь их үгүйлэгдлээ. Охиноо тэнгэрийн орноос харж, бахархсан байх аа. Дахиад хоёр сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул удахгүй Европ руу буцна. Одоогоор гэр бүлтэй болох талаар төлөвлөсөн зүйл алга. Би зодог тайлах болоогүй. Ямартай ч Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө зүтгэнэ. Бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж, 2018 оны болон олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцох нь миний ойрын зорилго” гэлээ.