Тулгар төрийг байгуулсны 2226, Их Монгол Улсын 811 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол дөнгөж сая хүртээлээ. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар болов. Түүнээс өмнө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ.
Өдгөө 27 настай С.Батцэцэг 2006 онд сумынхаа Н.Донров багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж эхлэн, энэ спорттой амьдралаа холбожээ. Улмаар 2010 онд ДАШТ-д түрүүлэхдээ Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн амжилтын буухиаг нь 35 жилийн дараа үргэлжлүүлсэн юм. Чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн гурав дахь дэлхийн аварга болсон түүний энэ амжилтыг төр засгаас үнэлж Гавьяат тамирчин цол олгож байв.
Хоёр жилийн дараа болсон “Лондон-2012”-ын хүрэл медалийн төлөө барилдаанд С.Батцэцэг дэлхийн гурван удаагийн аварга М.Дьюгренийг ялж, түүхэн амжилт үзүүлжээ. Учир нь түүнээс өмнө чөлөөт бөхийн эмэгтэйчүүд олимпоос медаль аваагүй байсан юм. Гавьяат маань дараа жил нь дэлхийн дэвжээнд үзүүрлэн, 2015 онд амжилтаа ахиулж, хоёр дахь удаагаа түрүүлжээ. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн спортын төрөлд дэлхийн хошой аварга цол хүртсэн Монголын хоёрхон бөхийн нэг (Нөгөөх нь ДАШТ-д 1974, 1975 онд түрүүлсэн З.Ойдов), анхны эмэгтэй тамирчин болов. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа С.Батцэцэг энэ жил сорил тэмцээнд манлайлж, ДАШТ-д зодоглох эрх авч чадаагүй ч Азийн АШТ-ээс анхны түрүүгээ хүртсэн юм.