Үндэсний баяр наадмын сур харваа өрсөлдөөнтэй болов. Халх сурын харваанд эрэгтэй 390, эмэгтэй 150 харваач оролцсон юм. Олон жил сум тавьсан мэргэд өнөө жилийн наадмын хана харваанд хорин сумаа цөмийг нь байнд нь тусгаж, тэмцээнийг өнгөлж байв. Харин эмэгтэйчүүд хасаа харваанд тун ч мэргэн байлаа.
Өнөө жил залуу харваач олон оролцсоноороо онцлогтой. Эрэгтэйчүүдийн харвааны шилдэг наймд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын дархан мэргэн Ц.Хүдэр чулуун 33 оноогоор багтсан бол бусад нь залуу харваач байлаа. Түүнтэй ижил оноотой явсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Б.Ёндон сүүлийн сумнуудаа алдалгүй тавьж 37 оноогоор эл төрөлд тэргүүлж, улсын Даян мэргэн цол хүртэв. 2011 оны улсын наадмын сурын харваанд тэргүүлж байсан тэрбээр өнгөрсөн онд аавынхаа шавьд ялагдаж, II байрт орж байсан билээ. Тэрбээр шагнал гардах үеэрээ “Энэ мөчийг таван жил хүлээлээ. Өнгөрсөн жил гаргасан алдаагаа аавынхаа зааж, зөвлөснөөр зассан. Харваачдын ур чадвар өнөө жил маш сайн байлаа. Сурын алтан шар зурхай ивээлээ өгч, 11 жил нум барьсан хөдөлмөр минь үр дүнгээ өгч байна” гэв.
Удаах байрт Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сумын харьяат Б.Бумцэнд 36, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул А.Энхтөр 35, Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Хатансайхан 35, Өвөрхан ай аймгийн Нарийнтээлийн харваач Б.Сосорням 34 оноогоор шалгарсан юм.
Жил бүрийн наадмаар гэр бүлийн харваач шагналт байруудад шалгардаг байдал өнөө жил тасарсангүй. Эрэгтэйчүүдийн харвааны V байрт шалгарсан Б.Сосорнямын төрсөн эгч, өнгөрсөн жилийн наадмын эмэгтэйчүүдийн харвааны тэргүүн байрын эзэн Б.Пунсалдулам өнөө жил дэд байрт оров. Шилдэг наймд түүнтэй ижил оноогоор зурхайд зогссон Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Б.Баярчимэг энэ жил тэргүүн байрт орсон юм. Түүний тавьсан сум өнөө жил мэргэн байж, халх, буриад сур харвааны тэргүүн байрт шалгарсан. Хоёр жилийн өмнө улсын наадамд эхнэр, нөхөр хоёр тэргүүлсэн анхны тохиолдол гарсан бол Б.Баярчимэг хоёр төрөлд нэгэн зэрэг тэргүүн байр авсан анхны харваач боллоо. Тэрбээр буриад сурын харваанд 64-өөс 61, халх сурд 34 сум оносон юм. Өвөө, ааваараа нум, сум харвахыг заалгаж, зургаа дахь жилдээ насанд хүрэгчдийн тэмцээнд орж байна хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм.