Вьетнам улсад эхэлсэн “Biwase cup-2025” эмэгтэйчүүдийн дугуйн олон өдрийн тэмцээнд Монголын тамирчид ахлагч Э.Алтан-Очирын удирдлагад хурд сорьж байна. Дээрх уралдааны IV гараанд (164 км) ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртэв. Тэрбээр өмнөх өдрийн уралдаанд тус гарааны эхний дундын барианд түрүүлсэн юм. Уралдааны явцад түүний дугуйнд нэг бус удаа саатал гарч эвдэрчээ. Тухайн үед багийн тамирчин Г.Энхжин, Х.Отгонтэнгэр нар түүнд дугуйгаа өгснөөр замаа амжилттай дуусган барианд орсон аж. Багаараа шуурхай ажилласны үр дүнд бөөн группээс хол хоцролгүй гүйцсэнээр III байрт орсон байна. Манай эмэгтэй дугуйчид сүүлийн 12 жилд олон улсын өндөр зэрэглэлтэй олон өдрийн уралдаанд анх удаа өрсөлдөж, уралдаанаа үргэлжлүүлж байгаа юм. Багийг Э.Алтан-Очир ахалж, ОУХМ Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа, Г.Энхжин, Х.Отгонтэнгэр нар тамирчнаар оролцож буй. Тэмцээн 35-40 хэмийн халуунд, уул, тал хосолсон хүнд замд явагдаж байгаа ч Монголын тамирчид багийн хамтын ажиллагаагаар саад, бэрхшээлийг даван туулж, уралдаанаа үргэлжлүүлж байна.