АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Тан Шри Дато’ Шри Азам бин Баки тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв.
Энэ үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа “Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын ажиллах тэргүүний чиглэл нь авлигатай тэмцэх асуудал бөгөөд үүнийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилготой ажиллаж байна” хэмээгээд цаашид идэвхтэй, үр дүнтэй, хамтын ажиллагааны жишиг болохуйц харилцааг хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга Азам бин Баки өөрийн улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр авлигатай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Хоёр орны энэ чиглэлээр дагнасан байгууллага нь авлигатай тэмцэж, олон нийтийн болон бизнесийн шударга байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн ижил зорилготой тул хамтын ажиллагааны хүрээнд бүхий л байдлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд нь онцлоод, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ айлчлалын үеэр Монгол, Малайз Улсын Авлигатай тэмцэх байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, чиглэлийг гүнзгийрүүлэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулж албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой асуудлуудаар харилцан тохиролцсон байна.