УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан, Боловсролын сайд П.Наранбаяр удирдах албан тушаалд нь ажиллаж байсан “Шинэ монгол” сургууль хүүхдийн эрх зөрчсөн үйлдэлдээ торгох шийтгэл хүлээжээ. Тус сургуульд сурч байсан хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хамтаар гадаад улсад тодорхой хугацаанд амьдарч байгаад эргэн иртэл суралцах гэрээ хийгээгүй, төлбөр төлөөгүй шалтгаанаар хассан байжээ. Улмаар тэдгээр хүүхдийн оронд шинээр сурагч элсүүлсэн аж. Сурагчдын эцэг, эх нь гадаад улсад тодорхой хугацаанд явах талаараа ангийн багш, хичээлийн эрхлэгчдэд нь мэдэгдсэн ч ямар нэг зүйл хэлээгүй гэнэ. Энэ талаар сурагчдын ар гэрийнхэн “Хүүхдүүдийг минь явсан даруйд буюу 2-3 хоногийн дараа шинээр хоёр хүүхэд элсүүлсэн байсан. Биднийг хурдхан явуулаад өөр хүүхэд оруулах зорилготой байсан гэдэг нь одоо ойлгогдож байгаа. Сургуулийн захирал, бага сургуулийн эрхлэгчтэй нь холбогдоход “Гэрээ хийгээгүй учраас боломжгүй” гэсэн хариу мессежээр өгсөн. “Шинэ монгол” сургуулийн захирал нь “Ашгийн төлөө бус сургууль” гэж ярьсаар байгаад УИХ-ын гишүүн болсон. Гадаад руу явсан хүүхдийн хоосон суудлын төлбөрийг авчхаад яаж ашгийн төлөө бус гэж хэлдэг байна аа” хэмээжээ.
Харин “Шинэ монгол”-ынхон хүүхдүүдийг сургуулиас хассан шалтгаанаа “Чөлөө авах талаар хүсэлт гаргаагүй, сургуулийн захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй, суудал баталгаажуулж төлбөр төлөөгүй тул өөр хүүхэд элсүүлсэн. Сурагчийн тоо гүйцчихээд байхад нэмэлтээр элсүүлэх нь бусад хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөх нөхцөл үүсэж болзошгүй” хэмээн тайлбарласан байна.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч С.Одбаяр Зөрчлийн тухай хуулийн 6.20-2.3 дахь хэсэгт заасан “Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэн шийтгэл оноосон байна. Үүнийг нь эсэргүүцэн “Шинэ монгол” сургуулийнхан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргасны дагуу хэлэлцээд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Шинэ монгол” сургуульд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцээд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Ингэснээр “Шинэ монгол” сургууль хүүхдийн эрх зөрчсөн үндэслэлээр торгох шийтгэл хүлээсэн байна.