Шахмал түлшний түүхий эдийг солих үйлдвэрлэлийн туршилт, судалгааны ажлыг эхлүүлснээ Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Эл түлшний чанарыг сайжруулах, стандартыг нь шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Тавантолгой түлш” ХХК-ийн судлаач, мэргэжилтнүүд гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж буй гэнэ. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн туршилт хийж, үр дүнтэй болсон тохиолдолд эрдэмтдийн зөвлөлөөс гарсан санал, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хагас үйлдвэрлэлийн туршилтад ашиглах эхний ээлжийн 15 вагон баяжуулсан нүүрсийг “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн талбайд өчигдөр буулгасан байна. Үлдсэн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос хуваарийн дагуу татан авах аж.
Ж.Сувд