-Монголд зургаан сарын, БНСУ-д сарын цалингийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний бэлэг авахыг зөвшөөрдөг-
Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэтэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зарлах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгууллагын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэлэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Харин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэггүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монголын “сайхан” уламжлалд тооцогдсоор байна.
Дундаж давхаргын нэг иргэний бараг дөрвөн жилийн цалинтай тэнцэх хэмжээний буюу 80 орчим сая төгрөгийн үнэтэй “Rolex” цагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “40 насныхаа төрсөн өдрөөр ахаасаа бэлэгт авсан” хэмээн үндэсний олон нийтийн телевизээр хээвнэг ярьсан удаатай. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-нд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо “Оюутолгойн зэсээр хийсэн данх бэлэгт авлаа” гэж бахархалтайгаар мэдэгдэж, зургийг нь хүртэл цахим орчинд оруулж гайхуулсан нь бий. Тухайн үед тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж байсан билээ.
Хотын дарга УИХ-ын гишүүдийг авлигадахыг оролдсон уу
Монголчууд л төдийлөн мэддэггүй болохоос бус, gift policy гэх ойлголт нь бүр эртний Грек, Ромын үед үүссэн аж. Харин орчин цагийн хууль, дүрэм болж хэрэгжүүлсэн нь ХХ зууны эхэн үе гэнэ. АНУ-д тухайн үед төрийн албан хаагч бэлэг хүлээн авахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалттай болсон юм байна. Дараа нь ХХ зууны дунд үеэс Европын орнууд төрийн албан хаагчид бэлэг авахыг зохицуулсан хууль, дүрмээ баталжээ. Ази тивийнхнээс Япон Улсад анх 1999 онд төрийн албан хаагчид бэлэг авахыг хатуу хориглосон хууль хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.
Харамсалтай нь, манай улсад ийм хандлага, ёс зүй төлөвших нь битгий хэл, хотын дарга нь хүртэл УИХ-ын гишүүдэд үнэтэй бэлэг тараасан жишээ бий. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Г.Очирбат нийслэлийн 385 жилийн ойд зориулсан, 800 орчим мянган төгрөгийн бэлгийг хотын дарга Х.Нямбаатараас авснаа нийгмийн сүлжээгээр мэдээлж байв. Тэрбээр “Энэ бэлгийг УИХ-ын гишүүд авъя гэж аваагүй, зүгээр өгчихсөн. Нийслэлийн 365 жилийн ойн медаль, бас 429 мянган төгрөгийн, жигтэйхэн үнэтэй мөнгөн аяга багтаажээ. Уг нь УИХ-ын Тамгын газраас гишүүдэд дэвтэр, бал гээд бүх зүйлийг нь өгсөн. Гэтэл нийслэлийн бэлэгт ч дэвтэр, бал байна. Үнийн дүнг нь тооцохоор нэг гишүүнд ойролцоогоор 800 орчим мянган төгрөгийн бэлгийг нийслэлийн төсвөөс өгч байна шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Ийм асуудалд аль аль талдаа анхаарч, цэгцэлмээр байна. Ойн баярын мэндчилгээ л өгөхөд болно шүү дээ” хэмээж байв.
Gift policy нь анх авлигаас сэргийлэх, төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор үүссэн юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч бэлэг авах нь авлигын нэг хэлбэрт тооцогддог. Тиймээс улс орнууд бэлэг авахтай холбоотой зохицуулалтуудыг хууль тогтоомждоо нарийвчлан тусгадаг гэнэ. Сайшаалтай нь, манайд ч тийм хууль, дүрэм, журмууд бий. Харамсалтай нь, төдийлөн хэрэгжүүлдэггүй.
Монгол “уламжлал”
“Хууль, эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн ч түүнийг хөрсөндөө буулгаагүй” гэсэн зөвлөмжийг манайх олон улсын байгууллагуудаас байнга авч хэвшсэн гэхэд болно. Бэлэг өгөх, авах эрх зүйн орчин ч яг ийм аж. Жишээ нь, энэ төрлийн харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэх оролдлого 1999 он буюу 26 жилийн өмнөөс эхлэлтэй юм билээ. Тухайн үед Засгийн газар 198 дугаар тогтоолоороо Бэлэг, дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам баталжээ. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг албан тушаалтан гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд өгөх бэлэг, дурсгалын зүйлийн үнийн дээд хэмжээг нэг хүнд 100 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр заасан байх юм.
Үүний дараа Засгийн газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 25-нд Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, зарцуулах, тайлагнах, Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах гэсэн хоёр журам баталсан нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн дипломат төлөөлөгчийн газруудынхны бэлэг гардуулах, илгээх, хүлээн авах харилцааг зохицуулдаг Бэлэг, дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам ч гэж бий.
Эдгээрээс гадна 2012 онд баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд ямар тохиолдолд бэлэг авахыг хориглох талаар нарийвчлан тусгасан байна. Гэхдээ эл хуулийн заалтууд нь бусад улс орныхоос харьцангуй “зөөлөн” аж. Жишээ нь, албан тушаалтан нэг сарын цалингаас бага бэлгийг байгууллага, удирдлагадаа мэдэгдэлгүйгээр авч болдог. 1-6 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний бэлэг авсан бол эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Харин зургаан сарынх нь цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх зохицуулалттай гэнэ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ онд улсын дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Эл дүнд үндэслэн тооцож үзвэл албан хаагчид 15 сая хүртэлх төгрөгийн бэлэг авч болно гэсэн үг. Бас гэр бүлийнхнээсээ бол хэдий хэмжээний ч бэлэг авах эрхтэй гэнэ. Ийм учраас л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэтэй цагаа ахаасаа авсан хэмээн “аргалсан” бололтой.
“Ким Ён Ран” хууль
Харин бусад улс оронд бэлэг хүлээн авах соёлыг ягштал мөрдөж байна. БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кён Хи “Dior” брэндийн үнэтэй цүнх бэлэгт авсан нь олны шүүмжлэл дагуулж, улмаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах үндэслэлүүдийн нэг болсныг дэлхий нийтээрээ харлаа. Учир нь БНСУ-ын төрийн албан хаагчдын бэлэг хүлээн авах соёл нь хатуу зохицуулалттай, иргэд нь ч үүнд хяналтаа сайн тавьдаг аж. Тухайлбал, БНСУ-д 2016 онд Нийтийн албан тушаалтнуудын ёс зүйн тухай хууль баталжээ. Үүнийг санаачлан боловсруулсан хүнийх нь нэрээр “Ким Ён Ран” хууль хэмээн нэрлэж хэвшсэн юм байна. Эл хуулийн дагуу хувь хүнээс хүлээн авах бэлгийн үнийн дээд хязгаар нь 50 мянган вон буюу ойролцоогоор 120 мянган төгрөг. Тус улсад сарын дундаж цалин 3.5 сая вон. Энэ нь одоогийн ханшаар 7.8 сая орчим төгрөгтэй тэнцэнэ. Тэгэхээр БНСУ-д төрийн албан хаагчид цалингийнхаа 1.5 хувьтай тэнцэх бэлэг авахыг зөвшөөрдөг болж таарна. Харин Монголд зургаан сарын цалинтай тэнцэх бэлэг авахыг зөвшөөрдгийг эргэн сануулъя.
Бэлэг хүлээн авахтай холбоотой зохицуулалтад БНСУ-ынх шиг мөнгөн дүнг нарийвчлан тусгадаг, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь ч өндрөөр тогтоодог жишиг цөөнгүй. Жишээлбэл, Франц улсад албан тушаалтнууд бэлэг авахыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд 2-10 жил хүртэл хорих ял оноож, их хэмжээний торгууль ногдуулдаг юм байна. Мөн Сингапур улсад ч төрийн албан хаагчид бизнес эрхлэгчдээс ямар нэг хэлбэрээр бэлэг авахыг хориглодог. АНУ-д албан хаагчид нэг удаа 20, жилд 50 ам.доллароос дээш үнэтэй бэлэг авах нь хориотой аж. Европын Холбооны Еврокомиссын гишүүд 150 еврогоос дээш үнэтэй бэлэг авах ёсгүй. Ийм үнийн дүнгээс хэтэрсэн бэлгийг буцаах боломжгүй тохиолдолд комисстоо шилжүүлэх үүрэгтэй гэнэ.
16 дугаар зүйл. Бэлэг авахтайхолбогдсон хязгаарлалт
- 16.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно.
- 16.2. Энэ хуулийн 16.1-т заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй.
- 16.4. Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршидхүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
- 16.5. Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ.
- 16.6. Албан тушаалтан зургаан сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болно.
- 16.7. Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно.
- 16.8. Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй.
- 16.9. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох хувийг эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдэд ажиллах хугацаандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн хуулийн этгээд, түүний удирдлагын гишүүдээс бэлэг авахыг хориглоно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас
Багшид бэлэг өгөх нь буруу
Бэлэг хүлээн авах соёл өнөө цагт зөвхөн төрийн албан хаагчдыг бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, сургууль, цэцэрлэгийг ч хамрах болжээ. Жишээ нь, олон улсын томоохон компаниуд, бизнесийн байгууллагууд бэлэг хүлээн авах бодлогыг дотоод дүрэм, журамдаа заавал тусгаж хэрэгжүүлж хэвшсэн байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэ 2023 онд “Бэлэг өгдөг зуршил манай залууст төлөвшиж. Бэлэг нь авлигын нэг хэлбэр. Байгууллагын дүрмээр би бэлэг авч болохгүй. Ажилгүй болно. Таних, танихгүй хүнд боломжоороо туслах нь миний зарчим” гэж цахим орчинд бичиж байв.
Гэтэл манай улсад бэлэг өгөх, авах нь хэвийн зүйл гэсэн хэвшмэл ойлголт амь бөхтэй оршиж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд байхаас нь “авлигач” болгон бэлдэж байна. Үүний тод жишээ нь, баяр бүрээр багшид бэлэг өгдөг уламжлал. Гол зохион байгуулагч нь Эцэг, эхийн зөвлөл буюу асран хамгаалагчдын төлөөлөл байдаг аж. Багшид бэлэг өгөхийн тулд Эцэг, эхийн зөвлөлийнхөн бусад аав, ээжээс албан хүчээр мөнгө цуглуулдаг, өгөхгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхдаг гаж үзэгдэл бараг сургууль бүрд байдаг гэхэд буруудахгүй. Ёс зүй төлөвшсөн оронд бол хүүхэд өөрийн гар урлалаас бусдыг багшид бэлэглэх хориотой. Гэтэл манайд багшийн гарыг цайлгах, тэр дундаа үнэтэй зүйл бэлэглэх гэж “уралдах” нь бараг л “албан ёсны” үйлдэл болчихсон.
“Европт амьдардаг монгол бүсгүй хүүхдийнхээ сургуулийн багшид талархал илэрхийлээд бэлэг өгчээ. Багш нь авч болохгүй гэсэн ч монгол хүний сэтгэлээрээ шахаад өгч. Гэтэл багшид өгөх бэлэг найман еврогоос илүү үнэтэй байж болохгүй. Тиймээс энэ үнийн дүнд багтсаныг нь баталгаажуул гэж сургуулийн захиргаа нь үүрэг болгожээ. Баталгаажуулаад очтол хотын захиргааны хурлаар хэлэлцээд, уг бэлгийг багшид өгөх нь зохимжгүй гэдэг шийдвэр гаргаж буцаасан байна. Иргэний нээлттэй нийгэм гэж энэ. Манай эцэг, эхчүүд, багш, сургуулийн захиргаа үүнийг анхаарах ёстой. Энэ бол хүн бүрийн тэгш боломж, эрхийг баталгаажуулж буй хүмүүнлэг үйлдэл. Бэлэг өгөх боломжгүй гэр бүлүүдийг санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад оруулах ёсгүй” гэж иргэн В.Ганзориг цахим орчинд бичсэн нь олон хүний анхаарлыг татсан удаатай. Эдгээрийг л манай улсад нэн даруй хэрэгжүүлж хэвших, ялангуяа бусдаас бэлэг авах нь уламжлал биш, авлига гэдгийг бүх нийтэд ойлгуулах нь чухал байна.
М.Оч