МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор В.Гүндэгмаатай ярилцлаа. Тэрбээр шинэ зүйлийн ургамал нээж, олон улсын эрдэм шинжилгээний “Phytotaxa” сэтгүүлд нийтэлжээ. Судалгаагаа 2017 онд эхлүүлж байсан бөгөөд шинэ зүйлийн ургамлаа биологийн шинжлэх ухааны доктор Ч.Санчир багшийнхаа нэрээр Санчирын гичгэнэ (Potentilla Sanczirii) хэмээн нэрлэсэн байна. Эл ургамал нь Увс аймгийн Хархираа, Түргэн, Ховд аймгийн Мөнххайрханы уулсад тархан ургадаг аж. Ерөнхийдөө өндөрлөг газарт ургадаг тул уг судалгааг хийхэд судлаачаас нэлээд хүч хөдөлмөр шаарджээ.
-Энэхүү ургамлын талаар яагаад нарийвчлан судлахаар болов?
-Би Монгол орны гичгэнийн төрлийн ургамлыг дагнан судалдаг л даа. Энэ төрлийн судалгаагаар биологийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Гичгэнийн төрлийн ургамлууд дэлхийн хуурай газрын далайн түвшнээс өндөр уулын ян сарьдаг хүртэл уур амьсгал, ургамал-газар зүйн янз бүрийн бүслүүрт буюу ургамал ургах боломжит бүх орчинд тааралддаг. Харин хэт хуурай цөлийн бүсэд ургах нь ховор юм. Гичгэнийн төрөл нь тодорхой бүс, бүслүүрт, өндөр уулаас нам уулс, аараг толгодын ургамалжилтад чухал үүрэгтэй. Монгол оронд 79 зүйлийн гичгэнэ ургадаг.
Шинээр илрүүлсэн Санчирын гичгэнийн амьдрах орчин нөхцөл их сонирхолтой. Мөнх цасны хил хязгаараар буюу мөнх цэвдэгт ургадаг. Хамгийн эхэнд энэ нь анхаарал татсан. Мөн гадаад шинж нь үсжилт байв. Цав цагааан гичгэнэтэй макро шинжээрээ ихэд төстэй. Хээрийн судалгаагаар шинжийг нь нарийн сайн ажиглахад суурийн навчны захлалт, навчны дээд гадаргуугын үсжилт эрс ялгаатай байсан. Тухайлбал, цав цагаан гичгэнийн навчны дээд гадаргуугийн үс энгийн торгомсог. Харин шинэ зүйлийн навчны дээд гадаргуугийн үсжилт аалзны тор шиг, хаанаас эхлээд, хаана дуусаж байгаа нь мэдэгдэхгүйгээрээ ялгаатай байв. Мөн ургамлын үрийн гадаргуугийн үсжилт, үр боловсрох орны баганын хэлбэр ялгаатай байсан.
-Биологийн шинэ зүйлийн ургамал гэдгийг нь батлахын тулд олон төрлийн судалгаа, шинжилгээ хийдэг гэсэн. Тэгэхээр судалгааны явцад сонирхолтой зүйл ч цөөнгүй байсан болов уу?
-Дэлхийд одоогоор 600 орчим гичгэнийн зүйлийг судлаачид илрүүлээд байна. Зүйлийг ялгах чухал шалгуур болох газар зүйн тархалт, ургах орчныг харьцуулан судлахад бидний төстэй гэж үзсэнээс өөр байв. Мөнх цас, мөснөөс чөлөөлөгдсөн цэвдэг, морейн дээр ургадаг гичгэнийн төрлийн зүйл маш цөөхөн. Тэдгээрийг би бүгдийг нь мэднэ л дээ. Тиймээс тухайн шинэ зүйл ургамлын газар зүй, ургах орчин, гадаад хэлбэр зүйн морфометерийн судалгааг хийсэн юм. Ингэснээр энэ нь шинэ зүйл байх магадлал асар өндөр хувьтай гарч ирсэн. Тиймээс бид дараа дараагийн буюу батлах цуврал олон судалгааг хийлээ. Таамаглалаа батлахын тулд навчны хлорофластын генетикийн судалгааг хийсэн. Генетикийн судалгааг МУБИС-ийн Биологийн тэнхимийн судлаач, доктор Г.Онолрагчаатай хамтарч хийв. Генетикийн шинжилгээгээр хэд хэдэн дараалал дээр цав цагаан гичгэнээс (Potentilla nivea) ялгаатай гэдэг нь тодорхой болсон. Дараа нь генетикийн датаг нь ашиглаж, тухайн зүйл хэзээ үүссэнийг тогтоох дивергенцийн судалгааг хийв. ДНХ-ийн зарим хэсэг молекул цаг болгон ашиглаж болохуйц тогтмол эрчимтэйгээр өөрчлөгддөг. Тиймээс генетик өөрчлөлтийн хэмжээг өнгөрсөн хугацааны эволюцийн үйл явцын хугацааг тодорхойлоход ашигладаг юм.
Ингэхдээ гичгэнийн төрлийн ургамал 20.29 сая жилийн өмнө үүссэн нь судалгааны явцад харагдаж байв. Зүйл бүрийн эволюцийн хөгжил нь өөр, өөр байдаг онцлогтой. Энэ шинэ зүйлийн ургамлын хувьд 7.8 сая жилийн өмнө, цав цагаан гичгэнэ 4.5 сая жилийн өмнө үүссэн байв. Үүгээр Санчирын гичгэнэ ургамал гарал үүслийн хувьд нэлээд эртнийх гэдэг нь батлагдсан.
Хээрийн судалгааны явцад ургамал судлаач нар маш ажигч гярхай байх ёстой. Манай ахмад судлаачид байгаль зүй тогтлоо өөрөө заадаг гэж сургамжилдаг. Энэ ч залуу судлаач бидэнд чухал зөвлөгөө юм. Ялангуяа газар зүйн нөхцөл байдлыг сайтар анхаарах хэрэгтэй болдог. Жишээлбэл, тайгын болон ойн ургамал ялгаатай. Хээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөлд ургадгаас ялгаатай гэх мэтчилэн дурдаж болно. Ургамал бүрд өөр өөрийн ургах орчин нөхцөл гэж бий.
-Ховд, Увс аймгийн нутгаар голчлон судалгаа хийжээ. Мөнх цаст ууланд ургадаг гэхээр энэ ургамал нь баруун бүсийн нутагт тархмал байдаг бололтой.
-Зүйл үүсэхэд газар зүйн онцлог чухал нөлөөтэй. Жишээлбэл, Монголд 3100 зүйлийн дээд ургамал бүртгэгдсэн байдгаас Монгол Алтайн бүс нутагт 1600 орчим нь тархан ургадаг онцлогтой.
-Судалгаагаа цаашдаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Миний хувьд ургамлын ангилал зүй, Монгол орны өндөр уулын ургамал, харь зүйлүүдийн судалгааг гүйцэтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй явагдаж буй өнөө үед өндөр уулсын ургамлын судалгаа маш чухал. Мөн бидний дараагийн зорилго мөнхийн хайрын бэлгэдэл цагаан уул цэцгийг Монгол орны хэмжээнд судлах зорилго тавиад байна. Судалгааны явцад сонирхолтой үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа. Одоогоор генетикийн дүн шинжилгээ хийж буй.
-Монголын үе үеийн ургамал судлаачид шинэ зүйл нээсэн тохиолдол хэр олон байдаг вэ. Санчирын гичгэнэ нь таны нээн илрүүлсэн хоёр дахь зүйлийн ургамал шүү дээ.
-Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага 1921 онд үүссэн. Байгалийн шинжлэх ухааны хээрийн судалгааны олон баг ажилласны үр дүнд ургамлын дээжийг цуглуулж, боловсруулан эрдэм шинжилгээний холбогдох бүтээлд нийтэлж эхэлсэн байна. Монгол орны нутагт хийсэн судалгааны үр дүнгүүд 1925 оноос гарч эхэлсэн байдаг. Үүнээс эхэлж үндэсний ургамал судлаачид ургамлын төрөл зүйлүүдийн тухай бичиж эхэлжээ. Ургамлын ангилал зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан миний багш, биологийн шинжлэх ухааны доктор Ч.Санчир, биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Н.Өлзийхутаг, Д.Ганболд, МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Даариймаа нар ургамлын ангилал зүйн судалгаа хийж байсан. Ч.Санчир багш шинжлэх ухаанд 22 зүйлийн ургамал нээн илрүүлсэн байдаг, үнэхээр гайхалтай. Судлаач Н.Өлзийхутаг буурцагтны овгийн судалгааг хийж, шинэ зүйлийн цөөнгүй ургамал илрүүлсэн. Ийм гайхалтай судлаач нарын ажлыг үргэлжлүүлж явна даа. Тэднийхээ зааж өгсөн зүйлийг дагаж, судлаачийн хувьд нэр төртэй ажиллахыг хичээдэг. Миний хувьд 2018 онд Монгол орны Хангайн нуруунаас шинэ зүйлийн ургамал илрүүлж, аавынхаа нэрээр шинжлэх ухаанд бүртгүүлж байв.
А.Тэмүүлэн