Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж байхдаа хянаж буй шүүгч болон түүний туслахад хахууль өгөхийг завдсан иргэн Ц.Уртнасанд НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Прокурорын байгууллага энэ сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын зургаан хэрэг багтсан. Түүний нэг нь дээрх хүнд холбогдох бусдад хахууль өгөхийг завсан үйлдэл. Тэрбээр өөрт холбогдох хэргийг ашигтай шийдвэрлүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон түүний туслахад 2024 онд хахууль өгөхөөр санал болгосон аж. Ц.Уртнасан нь орон сууц барих нэрээр иргэн М-ийн багагүй хэмжээний хөрөнгийг залилж авсан хэрэгт холбогдсон нэгэн гэнэ. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл санал болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.