Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий гэдэг. Үүнийг баталсан үйл явдал өрнөж байна. Засгийн газрын энэ сарын 12-нд болсон ээлжит хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүнийг тусгай үүрэгт Элчин сайд хэмээх албан тушаалд томиллоо. Алдарт 14 мега төслөө хэрэгжүүлэхэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд эдгээр хүний тус, мэдлэг, туршлага хэрэгтэй болсон гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг ийнхүү төрд хэрэгтэй зайрангаар тодруулав. М.Энхболдыг МАН-ын дарга байхад нь Л.Оюун-Эрдэнэ чухам л энэ хүнийг улс төрөөс зайлуулж байж Монгол Улс хөгжинө хэмээн “тэмцсэн”. Харин одоо “ах”-ынх нь зөвлөгөө түүнд хэрэг болжээ.
Яллана, бас ямбалуулна
ҮАБЗ-ийн гишүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс багтдаг. Гэтэл үе үеийн гишүүнээс дээрх есөн хүнийг онцолсны учир юу вэ. АН-аас Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Төрийн тэргүүнээр ажиллаж байсан. Х.Баттулгын хувьд одоо УИХ-ын гишүүн, мөн Л.Оюун-Эрдэнийн “хөшигний ар”-ын түнш гэдэг. Харин Ц.Элбэгдоржийн хувьд энэ Засгийн газрын гол “дайсан”. Тиймээс одоогоор түүнд ямба биш, ял оноох сонирхол л Ерөнхий сайдад бий. Харин 10 жилийн дараа байдал яаж ч эргэж магадгүйг М.Энхболдын жишээнээс харж болно. Мөн АН-ын Ерөнхий сайд нарын сураг алга. Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн болсон хэдий ч хамтарсан Засгийн газрын бүх сайд “давхар дээл”-тэй. Хүсвэл түүнд ч бас нэг албан тушаал оноож болох. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг жагсаалтад багтахгүй. Тэр бол МАН-ын одоо цагийн “дайснуудын” нэг. Үүнээс гадна УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан тэргүүтэн энэ жагсаалтад багтсангүй.
Харин ҮАБЗ-ийн гишүүдийн дундаас хуулийн байгууллагаар шалгуулж, “юм үзсэн” хүмүүсийг онцгойлон сонгожээ. Энэ нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх тэргүүтэн хуулийн байгууллагаар шалгуулж явсан. Ж.Эрдэнэбатын хувьд шоронгоос УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдсон нэгэн. Тэд бүгд л албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нийтлэг үндэслэлээр шалгуулсан, зарим нь ял авч, тодорхой хугацааг биеэр эдэлсэн. Гэтэл ийм найдваргүй улс төрчдөөр алдарт мега төслүүддээ зөвлүүлэхгүй л бол улс орон хөгжихгүй байгаа бололтой. Тухайлбал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын хэргээр баривчлахдаа гутлыг нь ч өмсгөлгүй, оймсыг нь гозолзуулан авч явсан түүх бий. Тэрбээр МАН-аас өрх тусгаарлан МАХН-ыг байгуулсан үед энэ явдал болж байв. Түүний гэм бурууг гурван шатны шүүхээс тогтоож, 2.6 жилийн ял оноосон билээ. Улмаар нэг жил хоригдоод, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснээр суллагдсан юм. Эх орноосоо зугтан харьд хэсэг амьдарч, юу эс болов. Шоронд орж, өлсгөлөн зарлаж явсан, авлигын “загалмайлсан эцэг” хэмээх тодотголтой энэ хүн эдүгээ хөгжлийн төслүүдэд зөвлөх тусгай үүрэгт Элчин сайд болж, албан тушаалд буцан ирж байна. Монголын төрд эдгээр улс төрчийг хүсвэл буруутгаад, хүсвэл дэвшүүлэн ямба эдлүүлж болдог аж. Гэхдээ улс төрийг нэг л нам дангаар тодорхойлох болсоор хэдэн он улирч буй.
Нөгөө талаар төрийн хамгийн том албан тушаалуудыг хашиж явсан эдгээр хүн тухайн цаг үедээ ямар нэгэн мега төсөл эхлүүлээгүй, хэрэгжүүлээгүй. Гагцхүү С.Баярын үед Оюутолгойн төслийг урагшлуулж байв. Бусад нь тэр үед хийгээгүй ажлаа өнөөдөр гэнэт чадах нь юу л бол. Тиймээс мега төсөлд зөвлүүлэх гэдэг тайлбар зүгээр л өнгөлөн далдлалт байж мэднэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас нэг санаа хэдэнтээ цухалзсан нь албан тушаалаа аль болох удаан хаших, эрх мэдлээ хадгалах тухай байв. Тэгэхээр энэ тал дээр өөрт нь ашигтай, нөгөө талаар саад болж мэдэх хүмүүсийг албан тушаалаар чөдөрлөх үндсэн тактикаа Засгийн газрын тэргүүн ийнхүү хэрэглэж байна. Өөрийг нь шүүмжлэх эрсдэлтэй хэн бүхнийг албан тушаал, эрх мэдлээр дуугүй болгох нь манай Ерөнхий сайдын үндсэн арга мэх хойно. Тиймээс уг гол зорилгоо хэрэгжүүлж, замаа засах, ханаа босгон, дээрх хүмүүсийг өөртөө нэгтгэх байдлаар “зайлуулж” байгаа юм биш биз. Албан тушаалаас нь унагахын төлөө жагсаал хийж, өнөөдрийн эрх мэдэлд хүрэх замаа зассан М.Энхболд даргатайгаа эргэн “найзалсан” нь ч ийм л шалтгаантай болов уу.
Тэмцэл үү, хамтрал уу
Анх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрсөдтэйгөө, мөн намын журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй” хэмээн хэлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд түүний тэргүүлсэн Засгийн газар Хөгжлийн банкны, “нүүрсний” зэрэг хэргээр холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, түрүүчээс нь ял оноогоод явж байна. “5Ш” ажиллагаа гэх мэт тодорхой хөтөлбөр ч багагүй хугацаанд хэрэгжүүллээ. Гэвч хоёр гурван хүн баривчилж ирснээс өөрөөр тоймтой үр дүн эндээс гарч байна уу. Учир нь тэмцээд буй гэх боловч авлигын индексээр манай улс жил ирэх бүр ухарсаар байна. Үүн дээр нэмээд Ерөнхий сайд нь авлига, албан тушаалын гэмт хэргээр яллуулсан, шалгуулж буй улс төрчдөөс зөвлөгөө авч, хамтран ажиллахаар болчихлоо. “Амаргүй” байдал нь үргэлжилсээр тэдэнтэй хамтарч, өөрсдийнх нь эсрэг тэмцэхэд хүргэсэн байж болох уу. Хөгжилтэй ч гэмээр “эргэлт” их болж байна.
Сайдын хэмжээний зөвлөхүүд
Олон улсын хэмжээнд тусгай элчийг нэлээд эртнээс томилж иржээ. Гэхдээ орчин үеийн олон улсын харилцаанд XX зуунаас тусгай элчийн үүрэг эрчимжсэн юм байна. Ялангуяа НҮБ байгуулагдсанаас хойш АНУ, Европын холбоод тодорхой чиглэлээр тусгай элч буюу special envoy томилдог болсон аж. АНУ уур амьсгалын өөрчлөлт, Афганистан, Ираны зэрэг асуудлаар 50 гаруй тусгай элч томилж байжээ. Одоо Украины дайны талаар мөн ийм тусгай элч ажиллаж буй. ОХУ, Хятад, Франц, Герман, Энэтхэг зэрэг улс тодорхой бүс нутгийн болон олон улсын асуудалд тусгай элч томилсоор байгаа. Манай улсын хувьд ч энэ нь тийм шинэ зүйл биш юм. Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, энэ чиглэлээр олон улсын дипломат яриа хэлэлцээ өрнүүлж, үүний хүрээнд НҮБ-д тусгай элч нараа ажиллуулж байжээ. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн гуравдагч хөршийн бодлогын асуудлаар тусгай элч томилж байсан гэнэ. Гэхдээ тогтмол томилдоггүй, ийм албан тушаалтан тэр бүр хэрэг болоод байдаггүй. Тиймээс монголчуудад харьцангуй шинэ, содон сонсогдож буй бололтой.
Юутай ч тусгай үүрэгт Элчин сайд нар гадаадад суухгүй. Тухайн асуудлаар гэрээ хэлэлцээ хийх, шийдэхэд л туслах үүрэгтэй. Ерөнхий сайд тэднийг эхнээс нь дуудан уулзаж, аль төсөлд ажиллахыг нь оноож өгч байгаа аж. Тэд тухайн мега төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрт оролцож, үүнд туршлага, мэдлэг, ур чадвараа харуулах нь. Хийн хоолойн асуудлаар Орос, Хятад улстай хэлэлцээр хийх ажлыг хариуцахаар болсон З.Энхболд “Би Сэлэнгэ аймагт малаа малласан хэвээр байна. Монгол Улсыг гадаадад төлөөлөхгүй. Тусгай үүрэгт Элчин сайд бол төрийн албан хаагч биш учраас хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөхгүй. Зөвхөн хийн хоолойн асуудлыг л хариуцах юм. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа хамт гольф тоглодог, үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг байсан найз Стив Виткофыг дуудаж, Ойрхи Дорнодын асуудлыг шийдэхэд туслахыг гуйсан. Энэ хүн бол жирийн бизнес эрхлэгч. Үүний адилаар л бидэнд хандаж байгаа юм” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбарт амжилттай яваа найзаасаа зөвлөгөө авахыг хүссэн байна. Тэгвэл манай Ерөнхий сайд тэмцэх гээд байгаа авлига, албан тушаалынх нь хэргээр ял сонсож, шалгуулж явсан хүмүүсээсээ буцаад зөвлөгөө авах нь.
Хэдийгээр тусгай үүрэгт Элчин сайд нар цалингүй ажиллана гэж буй ч тодорхой бүрэн эрхтэй учраас тэднийг сайдын түвшинтэй адилтгаж байна. Өөрөөр хэлбэл, тэд ажил үүргээ гүйцэтгэхэд тодорхой зардал гарч, үүнийг төсвөөс санхүүжүүлэх нь мэдээж. Тиймээс Ерөнхий сайд өөрийгөө хамгаалахын тулд Засгийн газрын бүтцийг улам л данхар болголоо гэсэн шүүмжлэл бас гарч байна. Мега төслүүдийг урагшлуулахад заавал тусгай үүрэгт Элчин сайд хэрэгтэй байсан уу, тэр тусмаа ҮАБЗ-ийн экс гишүүд, нэр муутай голдуу улс төрчдийн хэрэг гарах уу. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслөө хэрэгжүүлж амжих уу. Ямартай ч эдгээр хүн мега төслүүдийг ахиулахад үнэхээр нэмэр болох нь уу, эсвэл өөр зорилго, үүрэгтэй байсан уу гэдэг нь удахгүй мэдэгдэх биз ээ.