Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.9 хувиар (1.2 их наяд), тэнцвэржүүлсэн орлого, тусламж дөрвөн их наяд төгрөг болж 21.1 хувиар (1.1 их наяд) тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.6 их наяд төгрөгт хүрч, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан бол өдгөө ийнхүү алдагдал нь хагас их наядад хүрээд байна. Төсвийн тэнцэл алдагдалтай гарахад гадаад худалдааны орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 49.9, татварынх 22.9 хувиар буурсан нь, мөн бараа, үйлчилгээний зардал 31.1, урсгал шилжүүлэг 32.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Н.Ган