Дотроос нь түгжсэн өрөөнд гэмт хэрэг үйлдэж буй адал явдалт зохиолын хатан хаан Агата Кристийн бүтээлүүдэд ихээхэн элбэг байдаг сан. Яг ийм аллага өнгөрсөн зун Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн тансаг зочид буудалд болж, гурван эрэгтэй, гурван эмэгтэй, нийт зургаан хүний цогцос нэг өрөөнөөс олдсон байна. Хүчирхийллийн ямар нэг ул мөр байсангүй. Тэр өрөөнд гаднаас хэн ч ороогүй, ноцолдож тэмцэлдсэн мөр улбаа ер байхгүй, дээд зэргийн дэг журам, эмх цэгцтэй байлаа. Бангкокийн цагдаа нар чухам ийн баталж, нотолж байв. Тэд алуурчин эхлээд бусдыг хөнөөгөөд дараа нь амиа хорложээ гэж үзсэн. Тайланд бол аялагчдын хувьд анхаарлыг нь татдаг улсын нэг болохыг, гадаадын зочид гийчдэд аюул осолгүй гэдгийг тэнд цугласан сэтгүүлчдэд хэлэхийн тулд Ерөнхий сайд Сеттха Тхависин өөрийн биеэр тус зочид буудалд хүрэлцэн ирсэн нь уг гэмт хэрэг тус хаант улсын хувьд тун ер бусын, ноцтой байсныг харуулжээ.
Нийслэлийн цагдаагийн байгууллага хэргийн газар луу шилдэг ажилтнуудаа илгээсэн нь гайхах юм биш. Гадаадынхныг татахын тулд харуулахыг хүсэж байгаа тийм тайван, амгалан улс Тайланд уг нь биш юм. Тухайлбал, цианид калигаар 15 хүнийг хордуулж алсан хэрэг өнгөрсөн онд гарч, дэлхий дахиныг цочоож байсан юм. Энэ “гавьяа”-ныхаа улмаас “Би-цианид” гэдэг хочтой болсон Сарарат Рангсивутапорн гэгч эмэгтэй хордуулж алсан 15 хүндээ өртэй байсан бөгөөд түүнийгээ төлөхийг хүсэхгүй байсан аж. Тэрбээр улсынхаа түүхэнд олон хүний амь бүрэлгэсэн анхны эмэгтэй болсон байдаг. Гэмт хэргийнхээ заримыг Тайландад үйлдсэн “могой” хочтой Чарьз Сображаг энд нэрлэж бас болох юм. Тус улсын төсвийн нэг гол эх үүсвэр болдог аялал жуулчлалд энэ мэт үйлдлүүд сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн Засгийн газар нь ихэд сэрэмжилж байна. Энэ жил 35 саяд хүрнэ гэж тооцоолж буй гадаадын жуулчид Тайландын эдийн засагт олон арван тэрбум ам.доллар оруулдаг аж. Хаант улсын эдийн засгийн 12 хувийг аялал жуулчлалын салбарын орлого бүрдүүлж, таван хүний нэг нь чухам энд ажил, хөдөлмөр эрхэлдэг гээд хэлчихэд л хангалттай. Зочид буудлын түгжээтэй өрөөнд аллага үйлдэж байхтай зэрэгцэн жуулчдыг татах зорилгоор Тайландын Засгийн газар ээлжит алхмаа хийж гадаадын 93 улсын иргэдийг тусгай зөвшөөрөлгүй зорчуулах хугацааг сунгав. Түүнчлэн 2027 онд ирэх жуулчдын тоог 80 саяд хүргэхээр зорьж буйгаа тус улсын эрх баригчид зарлалаа.
Тансаг зочид буудлын таван давхарт байх хоёр өрөө бараг нэг хоногийн турш дотроосоо түгжээтэй байв. Тийшээ хэн ч орсонгүй, хэн ч гарсангүй. Өрөөний ширээн дээр байсан хоол, ундаанд хэн ч ам хүрсэнгүй. Зарим тавгийг гялгар уутнаас нь ч гаргаагүй байв. Зочид буудлын зоогийн газраас хоёр халуун саваар авчирсан цайг зургаан аяганд хийгээд гүйцэд уугаагүй байлаа. 502 дугаартай өрөөнд цагдаа нарыг орж ирэхэд зургаан цогцос байж. Нэг эрэгтэй үүдний хажууд, өрөөнөөс гарахыг оролдсон болов уу гэмээр хэвтэж, хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн цогцос зочны өрөөний ширээний ойролцоо, үлдсэн хоёр цогцос унтлагын өрөөнд байв. Шүүх эмнэлгийн шинжээчид амиа алдсан хүмүүсийн хурууны хээнээс өөр юм илрүүлсэнгүй. Өрөөнд гаднын хүн байгаагүй нь илт, эд юмсад нь ер гар хүрсэн янзгүй. Өрөө рүү хэн ч ороогүй, өрөөнөөс хэн ч гараагүйг тавдугаар давхрын хонгилд байх камерын бичлэг гэрчилнэ, түүнийг цагдаа нар юуны түрүүнд сайтар шалгасан байна.
Энэ зургаан хүн 37-56 настай байв. Бүгд вьетнам үндэстэн. 502 дугаар өрөөнд байрласан 56 настай Шерин Чонг, 55 настай Данг Хунг Ван нар Америкийн иргэн. Цогцсуудыг илрүүлсний маргааш Тайланд нөхдөдөө туслахаар Америкийн Холбооны мөрдөх товчооны хэсэг ажилтан Бангкокт иржээ. Цогцсуудыг танихад төвөг байсангүй, үлдсэн дөрөв нь Вьетнамын иргэд байв. Тэднийг цианид калигаар хордуулсан болохыг шүүх эмнэлгийн туршлагатай шинжээчид даруй тогтоов. Үхлийн аюултай ийм хор хэрэглэснийг илтгэх шинж тэмдэг гэвэл бүх цогцосны уруул, хумс нь харлаж, хөхөрсөн байлаа. Шингэнд сайтар ууссан цагаан нунтаг (цианид)-ийн элсэн чихрэрхүү үнэр ч ханхална. Энэ хор маш хурдан үйлчилнэ, ердөө 3-5 минутын дараа үхүүлнэ, ахиухан тунгаар хэрэглэвэл тэр дороо амьсгал хураана.
Зургаан аяга болон хоёр халуун савнаас химийн шинжилгээгээр эцэст цианид кали илэрчээ. Алуурчин этгээд 502 дугаарын өрөөнд цианид кали авчирч цайг хордуулаад.... дараа нь уг цайг өөрөө ч уусан байна. Амиа алдсан хүмүүс бүгд долоодугаар сарын 13-14-нд Бангкокт ирж, төвд нь байх таван одтой “Гранд Хаятт” зочид буудалд байрлажээ. Энэ зочид буудлыг 1950-иад оны дунд үед барьсан бөгөөд тэр үед золгүй олон явдал тохиолдож байжээ. Тэр бүхнийг барилгачид газрын сүнсний хилэгнэл хэмээн үзэж, тэнд ажиллахаас татгалзаж байсан аж. Зурхайчидтай зөвлөсний эцэст талбайн хажууд Брахма бурхны дүр бүхий шүтээн барихаар 1956 онд шийджээ. Энэ шүтээн сүнснүүдийг тайвшруулж гэлтэй барилгын ажлыг дахин сэргээж дуусгасан байна.
Видео ажиглалтын тусламжтайгаар мөрдөн байцаагчдын тогтоосноор долоодугаар сарын 14-ний ням гаргийн үдэш “Эраван” зочид буудалд байрласан хуучин танил зургаан хүн хөрөнгө оруулалтын брокер мэргэжилтэй Шерин Чонгийн байрласан 502 дугаарын өрөөнд цуглаад тарж, долоодугаар давхарт байх өрөөнүүддээ очжээ. Маргааш нь даваа гарагт өглөө таван вьетнам хүн өрөөнөөсөө гарч, ачаа тээшээ аваад тавдугаар давхарт бууж ирэв. 502 дугаарын өрөөнд тэд ороод хоол, цай захиалсан байна. Зөөгчийг орж ирэхэд өрөөнд Шерин Чонг л байж, цай аягалах гэтэл тэрбээр өөрөө аягалчихна гэсэн аж. Зөөгч 14.00 цагт өрөөнөөс гарснаас хойш тэндээс цогцос олох хүртэл хаалга нь ер онгойсонгүй. Шерин Чонг үдийн хоолноос өмнө өрөөгөө суллаж өгөх ёстой ч таг чиг байсан тул буудлын үйлчлэгч тавдугаар давхар луу очив. Өрөөний хаалгыг тогштол нээж өгсөнгүй. Буудлынхан байдал нэг л биш боллоо хэмээн сэжиглэж хаалгыг онгойлготол баахан цогцос байсан тул 17.30 цагийн үед цагдаа нарт мэдэгдэв.
Бангкок хотын цагдаагийн газрын орлогч дарга, хошууч генерал Ноппасин Тунсават “энэ хэргийг үйлдэхдээ цианид ашиглажээ” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв. Хэргийг чухам хэн үйлдсэнийг хэлсэнгүй. Энэ хэрэгт зохион байгуулалттай гэмт хэргийн шинж тэмдэг байхгүй гэж хэлжээ. Харин энэ явдлаас үүдэн гадаадын жуулчид Тайландад ирэхээс болгоомжлох явдалгүй гэж хэд хэдэн удаа онцолсон байна. Амиа алдсан хүмүүсийн төрөл садан, танилуудаас мэдэж авсан зүйл гэвэл тэд хөрөнгө оруулалт болгож Шерин Чонгод мөнгө өгсөн байв. Тэр мөнгийг Чонг Вьетнамд зам тавих, Японд эмнэлэг барихад зориулсан аж. Хожим нь тодорхой болсноор вьетнам хоёр бизнесмен бусдаасаа илүү буюу 280 мянган ам.доллар (10 сая бат) Японд эмнэлэг барихад зориулж өгсөн байжээ. Шерин Чонгийн санхүүгийн ажил хэсэг хугацаанд дажгүй явж байснаа төвөг бэрхшээлтэй учирчээ. Чонгийн идэвх суларч мөнгө нэмэрлэх нь удаашралтай болсон тул захиалагчид нь түүнийг заль мэх хэрэглэж байна гэж үзээд шүүхэд өгчихжээ. Шүүхийн эхний хуралдаан болохоос хоёр долоо хоногийн өмнө уулзаж хөрөнгө оруулалтын асуудлаа ярилцахыг Чонг захиалагчиддаа санал болгож, уулзах газраа Япон байхаар сонгосон ч визээс болж Бангкок болгож, өөрчилжээ. Энэ уулзалт эмгэнэлтэйгээр төгсөнө гэдгийг Чонгоос бусад нь ер сэжиглэсэнгүй. Гоо засалч Фу гэхэд л Чонгтой сайн танил, түүнийг гадаад өнгө төрхөө засаж сайжруулахад нь нэг бус удаа тусалж байж. Чонг ч төлбөртөө гар татдаггүй, 5000 хүртэлх ам.доллароор урамшуулдаг байв. Амиа алдахаас өмнөхөн Чонгод тус хүргэчихээд Фу долоодугаар сарын 10-нд гэртээ ирээд ердөө хоёр хоноод Тайланд руу явжээ. Тэрбээр ямар ажлаар явж буйгаа ээждээ хэлээгүй ч 14-ний өдөр буцаж ирэхээ амласан байна. Ээж нь хүүгийнхээ тухай нэг чухал зүйлийг хэлсэн нь түүнийг цайнд хордсонд ихэд гайхаж, хүү нь ийш тийш явахдаа савласан цэвэр уснаас өөр юм огт уудаггүй, тэгэхдээ тэр усныхаа савыг өөрөө онгойлгодог гэж ярьсан байна.
Зочид буудлын 502 дугаарын өрөөнөөс хүмүүсийн цогцос илрүүлснээс хойш гурав хоноод цагдаа нар уг хэргийг үйлдэгчийн нэрийг хэлсэн нь Шерин Чонг байв. Тэрбээр зочид буудалд бусдаасаа түрүүлж ороод, бүх уулзалтыг өөрийнхөө байрласан өрөөнд хийж байжээ. Даваа гарагт тэр л хоол, цайг захиалж, үйлчлэгчийг цай аягалах гэхэд татгалзсан байна. Цагдаа нар эхлээд энэ хүмүүс бүгд амиа хорлож хэмээн таамагласнаа тэд Тайландад удахгүй хэмээн төлөвлөж, жолооч, хөтөч хөлсөлсөн байсан, амиа хорлохоор төлөвлөсөн хүмүүс хамт үхэхээр ямагт нэг газар байрладаг зэргээс үүдэн уг бодлоосоо няцжээ.
Энэ хэргийг мөрдөн шалгах ажил одоо дуусаагүй. Гэлээ ч Тайландын холбогдох байгууллагын ажилтнууд өөрсдийн таамаглал үнэн, зөв гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ. Зочид буудлынхны үгээр бол Шерин Чонг “Эраван”-д байрлаж байхдаа ямар нэг юманд сэтгэл нь ихэд зовж шаналсан, түгшсэн нь илт байжээ. Чонг үнэхээр алуурчин юм бол яах гэж өөрийн амийг хорлов гэх асуултад тохирох хариулт цагдаагийн ажилтнууд өгч чадахгүй байгаа юм байна. Мөнгийг нь буцааж өгөх боломжгүй болсон юм уу, өгөхийг хүсэхгүй болсноос захиалагчдаа хордуулж алсан, тэгээд цайнд хор хийчихсэн хойноо өөрийнх нь байдал найдваргүй болсныг ойлгосон байж болох юм гэх таамаглал арай илүү утга агуулгатай мэт. Тэгэхдээ л энэ тайлбар бас төдийлөн итгэмгүй.
Шерин Чонг Оклендэд амьдардаг байж. Түүнийг Тайландад олон хүнийг хордуулж алсан гэж дуулаад хөршүүд нь итгэхгүй байв. Ойрын нь хөрш Стив Труман “Энэ бол ямар нэг галзуу солиотой хүний л хийх ажил. Өөр хэлэх юм надад алга” гэж хэлснийг тэндхийн хэвлэлүүд нийтэлсэн байна. Гэтэл түүнд мөнгөө алдсан хүмүүс шүүхэд хандсан байсан талаар Оклендын цагдаагийн байгууллага Бангкокоос лавласан асуултад хариулахдаа мэдэгдсэн байжээ. Чонг Америкт луйвар хийж, тэгэхдээ хөрөнгө оруулалттай холбоотой биш, Америкийн иргэн болох үйл явцыг нь хурдасгаж өгнө хэмээн хүмүүсээс багагүй мөнгө авч байжээ. Ийн хохирсон хүмүүс шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй аж.
Гэлээ ч хохирогчдын хэн нь ч түүнд халдсангүй. Чонг ч хэн нэгнийг хордуулахыг оролдож байсангүй. Чонг хор хаанаас авав гэх бас нэг чухал асуултад Бангкокийн цагдаа нар хариулж чадахгүй байна. Тайландын нийслэлийн цагдаа нар зорчигчдын ачаа тээш, биенд онгоцны буудал дээр айхавтар чамбай үзлэг хийдэг болохоор хорыг Чонг авчирсан байх учиргүй. Энэ хорт бодис Тайландад хатуу хориотой учраас түүнийг тус улсаас олж авсан байх магадлал тун бага. Тайландад цианидыг оруулж ирвэл гурав хүртэлх жил шоронд хорьж, 12 мянган ам.доллароор торгодог хуультай юм.
Р.Жаргалант