Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугарыг иргэд эцгийнх нь нэрээр анддаггүй. Тиймдээ ч өдгөө 38 настай залуу улс төрчийг олон нийт аавынхаа нэр, нөлөөгөөр амьдарч ирсэн гэж ярьдаг. Түүнтэй адил гадаадад шилдэг сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн ч төрийн байгууллагад өндөр албан тушаал хашиж, УИХ-ын гишүүн болж чадаагүй хүн олон бий. Харин Э.Батшугар 25 настайгаасаа Төвбанкны дэд ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашиж, улмаар 33 насандаа УИХ-ын гишүүн болж, эдүгээ улиран сонгогдоод буй. Боловсролтой залуус Монголд олон ч түүн шиг “татаасгүй” л бол улс төрийн шатаар энэ мэт өгсөх боломжгүй билээ.
Нэг ёсондоо Э.Батшугар хөшигний ард ааваараа хор найруулуулж, нэр дэвших квот авч ирсэн гэдгийг иргэд шүүмжилдэг. Тэр анх УИХ-ын гишүүн болохдоо нөхөн сонгуульд эцгийнхээ “нэр барьж” дэвшин, ялж байсан. Өнгөрсөн удаагийн сонгуульд ч ааваараа хөтлүүлж, сурталчилгаа, бүх зүйлээ удирдуулсан. Өөрөөр хэлбэл, тэр өдий болтол “том болоогүй” хэвээрээ буй.
Олонх залуус их, дээд сургуулиа төгсөөд ажилд гологдож, ажлын байранд дадлагаждаг насанд тэрбээр ийнхүү өндөр алба хашиж, үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн болсон нь яахын аргагүй Ерөнхийлөгч асан аавынх нь нэр, нөлөөтэй холбоотой. Харин тэрбээр үүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Монголбанкны дэд ерөнхийлөгч болохдоо л уг албан тушаалд өөрийгөө “очих ёстой” хүн хэмээж, өмнө нь буюу 2008 оноос Америкийн “Жи Пи Морган” хөрөнгө оруулалтын банканд ажилласан туршлагатай, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, гадаадын олон шилдэг сургууль төгссөн гэж “томорч” байв.
Э.Батшугар 1994 онд нийслэлийн 14 дүгээр сургуульд элсэж, улмаар 2000 онд АНУ-ын Калифорнийн ахлах сургуульд шилжин суралцаж, 2004 онд төгсжээ. 2008 онд тус улсын Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгсөөд, дээр дурдсанчлан “Жи Пи Морган”, түүний Лондон дахь салбарт шилжин ажилласан байна. Энэ хугацаандаа буюу 2008-2011 онд тэрбээр олон улсын хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн хэмээн ярьдаг.
Монголдоо 2011 онд ирээд нэн тэргүүнд Э.Батшугар эцгийнхээ МАХН-д элсэж, 2011-2012 оны аравдугаар сар хүртэл намынхаа гадаад харилцааны нарийн бичиг, гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, МҮАН-тай хамтарсан Шударга ёс эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажилласан.
“Монсамил” болон “Медиа холдинг”, “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүн, хуучнаар МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн мянгатын даргаар ажиллаж буй түүнийг сонгинохайрханчууд 2024 онд УИХ-д улираан сонгосон. Тэрбээр өрсөлдөгчөөсөө тасархай “түрүүлсэн” билээ. Сонгинохайрхан дүүрэг Э.Батшугарын “вант улс” болсон нь өнгөрсөн удаагийн сонгуулиар ийнхүү батлагдсан. УИХ-ын гишүүнээр өнгөрсөн жилүүдэд ажиллахдаа тэрбээр Инновац, цахим бодлогын байнгын хороог даргалж, цахим үндэстэн болох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцож байж. Улмаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийн төсөл боловсруулахад ажлын хэсэгт нь багтаж ажиллажээ.