Ахмад зохиолч, яруу найрагч Д.Түмэндэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” хэмээх туульсын найраглалын номоо уншигчдад өргөн барьжээ. Уг найраглал 15 бүлэгтэй бөгөөд Боорчугийн талаарх түүхэн баримтуудыг судлаач, зохиолчдын бүтээлээс цуглуулан харьцуулан дүгнэлт хийж, уран сайхны аргаар шүлэглэн бичсэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туулсан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүүгүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
“Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу”-д дурдсанаар бол Боорчу багын сониуч, мөрөөдөмтгий зангаасаа алхам алхмаар салж, Тэмүүжиний анх нөхөр болон, улмаар нэгэн хүчирхэг улс байгуулж, бусад ханлиг, овог, аймгийнхныг нөлөөндөө оруулсан баатар жанжин болох зорилт тавьжээ. Тийм учраас Их Монгол Улсыг байгуулахад чин үнэнчээр зүтгэх ёстой гэдгээ ухаарч, амьдралын зорилгоо болгосон нь “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу”-г бичих шалтгаан болсныг яруу найрагч дурдлаа.
Ташрамд дурдахад, Д.Түмэндэмбэрэл шүлгийн түүвэр, орчуулгын ном, шашин, шинжлэх ухаан, таних мэдэхүйн олон бүтээлээ уншигчдад хүргэсэн уран бүтээлч юм. “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” нь түүний 14 дэх ном юм байна.
Ж.Бурмаа