“Хөх дөл” төслийг санаачлагч, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентоо маргааш 19.00 цагт “Corporate convention center”-т нээхээр болжээ. Нүүдэлчдийн өвөрмөц ахуй, биет бус соёлын өвийг монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдралд түшиглэн харуулсан дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног ч нээлтийн үеэр олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
Нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай өгүүлэх нь. Хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар уг бүтээлд харуулжээ.
“Хөх дөл” төслийг “Хишигт жанжин” ТББ-аас гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ. Олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нь уг төслийн зорилго юм байна.
М.Оч