Сүүлийн үед скүүтер, дугуй түрээсийн үйлчилгээ нэлээд өргөжиж, хэрэглэгчдийнх нь тоо өсөөд буй. Энэ нь түгжрэлийн үед цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч скүүтер, суррон, мопедоос унаж гэмтэх тохиолдол их байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн юм. Сүүлийн гурван жилд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтэл тус байгууллагад бүртгэгджээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд л гэхэд ийм ослын улмаас 532 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж, гурван хүн амиа алдсан байна. Нийт тохиолдлын 93 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд тэдний 91.2 хувь нь ГССҮТ-д хандсан аж. Гэмтсэн иргэдийн 67.1 хувь нь эрэгтэй, 32.9 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Түүнчлэн 15-19 насны эрэгтэй, 5-9 насны охид скүүтер, суррон, дугуйнаас унаж гэмтэх нь их байжээ.
Дээрх шалтгаанаар эмнэлэгт хандсан хүмүүсийн 72 хувь нь мопед, суррон, скүүтерээс унаснаас бэртсэн байна. Харин 17.5 хувь нь дээрх хэрэгслийг унаж байгаад автомашинд мөргүүлжээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагад хандсан иргэдийн есөн хувь нь мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн гэнэ. Бас эдгээрийг жолоодож байхдаа мөргөлдсөн тохиолдол цөөнгүй аж. Осолд өртөгсдийн 22.6 хувь нь толгойдоо, 21.1 хувь нь тохой, шуундаа, 18.4 хувь нь өвдөг, шилбэ хэсгээрээ гэмтжээ.
Ташрамд дурдахад, “Jet sharing Mongolia”-гийнхан ирэх тавдугаар сараас үйлчилгээндээ мопед нэвтрүүлэх болсныг тус компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням мэдээллээ. Түүнчлэн тэд скүүтер түрээсийн үйлчилгээгээ өнөөдрөөс эхлүүлж байгаа аж. Харин мопед нэвтрүүлэх ажил нь хөгжүүлэлтийн шатандаа яваа гэнэ. Мөн А зэрэглэлийн жолооны үнэмлэхтэй, 18-аас дээш насныхан суррон унах боломжтой юм. Эл зохицуулалтыг ирэх сараас эхлэн мөрдөх бөгөөд насанд хүрээгүй иргэд суррон унасан тохиолдолд асран хамгаалагчид нь хариуцлага тооцох нь.
А.Үүл