Зургаадугаар ангийн хүүг минь багш нь зодчихжээ. “А ээждээ хэлчихсэн байна. Ажилгүй болж ч мэдэх нь” гэж багш нь ангийнхандаа ярьсны улмаас хүүг минь хүүхдүүд гадуурхаж эхэлсэн. Яах вэ” хэмээн нэгэн ээж цахим орчинд бичсэн байв. Багш нар хүүхдийг үг хэлээр доромжилдог, уураа сурагчдадаа гаргадаг, тэр ч бүү хэл, гар хүрсэн жишээ байс хийгээд л олон нийтийн сүлжээгээр цацагддаг. Энэ мэт асуудлаас болж багш нарын нэр хүнд унаж, чичлэх хүн олширлоо. Дээрх жишээнээс харахад хүүгийн ээжид зөвлөгөө өгсөн хүмүүс хоёр хэсэгт хуваагджээ. Нэг хэсэг нь “Биднийг багад багш маань ганц нэг удаа цохидог л байсан. Одоогийн хүүхдүүд үг сонсохгүй, эрхээ мэдэхээс үүргээ ухамсарладаггүй. Монгол хүүхдүүдийг “хатуу гараар” л сургахгүй бол юм сурахгүй” гэж өмөөрчээ. Харин зарим нь “Багш хүн ямар ч үед хүүхдэд гар хүрэх нь буруу. Цагдаад ханд” гэж зөвлөсөн байна.
Ажлын хэт их ачаалал бухимдуулж байна
Улсын хэмжээнд 50 мянга гаруй багш ажиллаж байна. Тэдний олонх нь ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Тодруулбал, ерөнхий боловсролын 885 сургуульд 37 770 багш ажиллаж буй. Харин их, дээд сургууль 5000 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд 10 мянга орчим үндсэн багштай. Гэвч манай улс энэ салбарт ажиллах хүчний хомсдолд орсон бөгөөд үүнийгээ 45 хоногийн сургалтын багшаар “нөхөж” буй билээ. Багшийн тоог хүчээр ч болов гүйцээчхэж болно. Харин багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх, тэр дундаа сэтгэл зүйн асуудалд нь анхаарах шаардлагатайг нь олон жишээ “сануулж” байна.
Ерөнхий боловсролын хоёр сургууль тутамд нэг сэтгэл зүйч ажилладаг гэх статистик бий. Тэдгээр сэтгэл зүйч багш нарт ч шаардлагатай үед нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэвч багш нар өмнөх ажлаасаа илүү гардаггүй аж. Тиймээс зөвлөгөө авахаар сэтгэл зүйчтэй цаг товлон тухлан суух нь бараг үгүй гэнэ. Орон нутгийн зарим сургуульд сэтгэл зүйч ажилладаг ч мэргэшээгүй учир зөвлөж чаддаггүйг нэгэн багш ярьсан юм. Нийгмийн ажилтнаар төгссөн ч сэтгэл зүйчийн орон тоог нөхөхийн тулд ажиллаж буй тул мэргэжлийн зөвлөгөө өгөхөд арга туршлага нь дутдаг гэнэ. Сургуулийн захиргаанаас нь багш нарыг сэтгэл зүйн сургалтад суулгах, стресс бухимдлаа зөв удирдахад нь зориулан тусгай хөтөлбөрт хамруулах нь тун цөөн. Ийм цаг ч багш нарт гардаггүй байна. Сэтгэл зүйн сургалт зохион байгуулдаг ч ирдэг багш байдаггүй хэмээн нэгэн төрийн бус байгууллагын мэргэжилтэн хэлсэн юм.
Их, дээд сургуулиудын багш бэлтгэх хөтөлбөр, сургалт тааруу учраас сайн мэргэжилтэн “төрөхгүй”, орчин үеийн хүүхдүүдэд “гологдож байна” гэх нийтлэг хандлага газар авсан. Тэгвэл багшлах хүчнийг нийлүүлж буй, гол төлөөлөл болох Монгол Улсын боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн захирал Г.Бямбацэрэнгээс ирээдүйн багш нарыг хэрхэн бэлдэж байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Боловсролын яам болон холбогдох байгууллагуудаас сургалтын үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн шийдвэрүүд гаргадаг. Хүнээ бэлдээгүй, сургаагүй байж техник, технологийн хүчээр хийх, сургалтын шинэ арга зүй нэвтрүүлдэг нь багш нарыг стресстүүлэх нэг шалтгаан болдог. Энэ хэрээр үүрэг, даалгавар нэмэгдэж, цагийн хуваарилалт нь алдагддаг. Нэгээс нөгөөд дасан зохицоход тодорхой хугацаа ордог шүү дээ. Гэтэл багш нарт дасан зохицох, бэлдэх боломж өгөхгүй ажлаар “дарж” байна. Мөн орчин үеийн эцэг, эхчүүдийн харилцаа, хандлага багш нарт дарамт учруулах боллоо. Хүүхдээ таньж мэдэж, ойлгоогүй байж багшид хэт өндөр шаардлага тавих, эсвэл өөрийнхөө хүслээр байлгах гэж бухимдуулж байна. Цоо шинэ эрин үе төрж гарсан. Үүнийг эцэг, эхчүүд ойлгож, багш нартай хамтран ажиллах шаардлагатай болохоос хүүхэдтэйгээ нийлж багшийг буруутгаж болохгүй. Ер нь бол гэрийн хүмүүжил хамгийн чухал. Нөгөө талаас нийгмийн асуудал, цалин хангамж тааруу, ажлын ачаалал их байгаа нь багш нарыг бухимдуулж, сэтгэл зүйг нь хямрааж байна. Тухайлбал, бага ангийн багш нар 10-11 судлагдахуун заадаг. Өмнө нь найман судлагдахуун зааж байв. Дуу хөгжим, биеийн тамирын хичээлээс бусдыг нь бага ангийн багш өөрөө заадаг. Бага ангийн багш нарыг төрөлжүүлэн бэлддэг олон улсын жишиг бий. Тодруулбал, энэ мэргэжлээр сургууль төгсөхдөө нийгмийн ухаан, байгалийн ухаан, зураг технологи зэрэг бусад сургалтын хөтөлбөрөөр мэргэших юм. Энэ хөтөлбөрийг манай сургууль 2023 оноос нэвтрүүлсэн бөгөөд шинэ мэргэжилтнүүд хоёрдугаар курсэд сурч байгаа. Өөрөөр хэлбэл, бага ангийн багш нар монгол хэл, тооны хичээлээ заана. Харин бусдыг нь мэргэшсэн чиглэлээрээ заах юм. Тэгэхгүй бол бага ангийн багш нар зөвхөн тоо, монгол хэлээ “нүдсээр” бусад хичээл орхигдож байна” гэв. Мөн тэрбээр багш нарыг хамгаалах газар, хүн байхгүй болсныг учирласан. Хэдийгээр Боловсролын яамнаас багш нарын хомсдолыг нөхөж буй мэтээр ярьдаг ч бодит байдалд нэг багш хоёр анги удирддаг тохиолдол ч бий гэнэ. Багшийн сургуульд энэ хавар төгсөх 140 гаруй оюутан суралцаж буйн 40 хувь нь хэдийн ажлын байртай болжээ. Өөрөөр хэлбэл, багшийн хомсдолыг төгсөх курсийн оюутан, тэтгэвэртээ гарсан багш нараар нөхөж, гал унтраах төдийгөөр л аргацааж байна.
Багшийн сэтгэлийг тордох нь ирээдүйгээ “аврах” алхам
Багш ч гэсэн ар гэр, амьдралтайг зориуд хэлье. Гэвч тэднийг ар гэргүй, амьдралгүй мэт ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд, ялангуяа цэцэрлэг, бага ангийн багш нарт үр хүүхэд, гэр бүлдээ зориулах цаг ер гардаггүй гэнэ. Тэр ч бүү хэл, эмнэлэгт үзүүлэх “эрхгүй” зүтгэж буй. Багш ийм байх ёстой гэдэг өндөр шалгуур, шаардлага тавьдгаас бус, хүн гэдэг үүднээс нь хандаж, бодлогын хэмжээнд арга хэмжээ авдаг албан тушаалтан тун цөөн аж. Үүнийг ч зарим судалгааны тоо баримт “хэлж” байна. Тухайлбал, МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, сэтгэл судлаач, доктор Г.Бямбатогтох багш нарын стресс, сэтгэл зүйн асуудлыг 2013 онд судалжээ. Энэ нь хэдийгээр 10 гаруй жилийн өмнөх судалгаа боловч нөхцөл байдал өдий хүртэл сайжраагүй, харин ч улам дордсон гэнэ. Тэрбээр “2013 онд бага боловсролын багш нарын дунд хийсэн судалгаагаар тэдний олонх нь ямар нэг хэмжээгээр стресст өртсөн болох нь тогтоогдсон. Судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх нь өндөр түвшний стресс, түгшүүртэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь ажиллах орчин, ачаалалтай шууд холбоотой байв. Багш нарын стрессийн гол шалтгааны нэг нь сургалтын орчин, анги дүүргэлт, ажлын нөхцөл, хэт их ачааллаас үүдсэн бие, сэтгэл санааны ядаргаа, түгшүүр, бухимдал байсан. Ялангуяа анги дүүргэлт их, удирдлага болон эцэг, эхээс ирэх дарамт өндөр байх нь стрессийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийн нэгээр тодорхойлогдсон. Судалгааны үр дүнгээс харахад 40-өөс доош насны багш нарт илүү их стресс үүсэж байгааг ажигласан. Харин өнөөдөр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар бодитой дүгнэлт хийхийн тулд шинэ судалгааны дүн шаардлагатай. Боловсролын салбарт шинэчлэл, багшийн ажлын орчныг сайжруулах бодлого хэрэгжиж байгаа нь эерэг өөрчлөлт авчрах магадлалтай. Гэсэн хэдий ч багш нарын ажлын ачаалал, нийгмийн баталгаа, сэтгэл зүйн дэмжлэг хангалттай түвшинд хүрсэн үү гэвэл өрөөсгөл. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын стресс өндөр байх нь тэдний зан байдалд өөрчлөлт оруулдаг. Ажлын хэт их ачаалал, анги дүүргэлт, эцэг, эх, удирдлагын дарамт, сурагчдын идэвх буурах зэрэг нь багшийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, уур уцаар ихсэх, хүүхдүүдэд хандах хандлага өөрчлөгдөх магадлалтай. Ялангуяа багш нарын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, ажлын стрессийг бууруулах арга хэмжээ хангалтгүй үед иймэрхүү үйлдэл гарах эрсдэл нэмэгддэг. Энэ асуудлыг багшийн буруу гэхээс илүү боловсролын тогтолцооны гажуудал, ажлын ачаалал, удирдлагын арга барил дутмаг байгаатай холбон тайлбарлах нь зүйтэй. Тиймээс ийм асуудлыг зөвхөн стрессээр тайлбарлах нь учир дутагдалтай бөгөөд багшийн мэргэжлийн ёс зүй, сэтгэл зүйн дэмжлэгийн тогтолцоог сайжруулах нь чухал юм” гэв.
Мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 2023 онд танилцуулсан “Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн”-д дурдсанаар судалгаанд оролцогчид тодорхой хэмжээгээр ажилдаа стресстдэг болохоо илэрхийлсэн бөгөөд талаас илүү хувь нь сургуулийн захиргааны ажил болон дээд шатны байгууллагын бодлого, шийдвэр богино хугацаанд өөрчлөгддөг байдал нь тэднийг илүү бухимдуулдаг гэжээ. Улс орнууд багшийг дэмжин урамшуулахын тулд ажлын таатай нөхцөл, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах бодлогуудыг хэрэгжүүлж буйг тус судалгаанд онцлоод тэдгээр нөхцөл, боломж нь багш ажилдаа сэтгэл ханамжтай байхад чухал ач холбогдолтойг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, багшийн ажлын сэтгэл ханамж нь түүнийг мэргэжлээрээ тогтвортой, гүйцэтгэл сайтай ажиллахад чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлсэн юм. Судалгаанд цэцэрлэг, дунд болон их, дээд сургуулийн 10 мянга орчим багшийг хамруулсан бөгөөд тэд цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой зүйлсэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын төвийн сургалтын байгууллагын багш нарын тал хувь нь хэрэв мэргэжлээ дахин сонгох бол өөрийг сонгох байсан гэж хариулсан нь анхаарал татаж буйг судалгааны багийнхан онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь багш нар ажлаасаа халшрах хам шинжид өртсөнийг харуулж буй юм.
Манай улс багшийн тоог нэмэх, ур чадварыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авдаг ч ажлын байранд нь тогтоох, сэтгэл зүйг нь тордох ажлыг орхигдуулсан. Салбарын сайд нь багш нарын ёс зүйн асуудалд анхаарна, хариуцлага тооцно гэж ярьдгаас биш, сэтгэл зүйн асуудалд нь анхаарах талаар дуугардаггүй. Бид хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд түр зуур ороод гарахдаа л дуу чимээнд нь ядарч, багш нарын хөдөлмөрийн хүндийг гайхацгаадаг. Үүн дээр боловсролын шинэчлэл нэртэй элдэв дарамт, үг авдаггүй хүүхдүүд, хэл амаар доромжлох эцэг, эхчүүдийн шахалт, шаардлага багш нарыг туйлдуулж гүйцжээ. Нийтлэлийн эхэнд дурдсан шиг асуудал олон гаргуулахгүйн тулд багш нарын сэтгэл зүйтэй “ажиллаж”, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх нь ирээдүйгээ “аврах” нэг алхам болох биз.