Хоккайдо нутгийг зорин одод түгсэн хойно нислээ. Наритагийн нисэх буудлаас хөөрсөн онгоцны цонхоор харахад Токиогоос эхэлсэн хот, суурины гэрэл гэгээ 40, 50 минут орчим тасралтгүй үргэлжлэв. Удалгүй хоёр том арлыг заагласан тэнгис залгаж, тэнгэр, тэнгис хоёр нэгэн өнгөнд сүлэн нийлэв. Хорьдын саран тэнгист хөвж, хоёр сарны дундуур ниссэн тэр агшин шүлгийн мөр болж ингэж буув.
ХОРЬДЫН САРАН
Хойт тэнгисийн мандалд
Хорьдын саран хөвж явна
Тэрхэн гэрэлт агшинд
Тэнгэр, тэнгис тэврэлдэн уулзав
Хорьдын сарны туяа
Хоёуланг нь гийгүүлж байв
Тэнгэр, тэнгис хоёр
Тийм ч холгүй ажээ
Хоку-хойт, кай-тэнгис, до-муж гэсэн үгээс энэ нэршил үүссэн ажээ. Хоккайдо тэгэхээр “Хойт тэнгисийн муж” гэсэн үг юм байна. Мужийн төв Саппоро хот хоёр сая гаруй хүн амтай. Японы хамгийн хойт талын энэ том аралд таван сая хүн аж төрдөг ажээ. Цас их ордог боловч тийм ч тас няс гэсэн хүйтэн биш, Европын далайн эргийн хотуудыг санагдуулна. Саппоро гайхалтай төлөвлөлттэй, сайхан хот ажээ. Хотын төв хэсгийн метроны буудлуудыг газар доогуур хэдэн арван км үргэлжлэх хонгил-гудамжаар холбосон нь маш том бүтээн байгуулалт юм. Өдөр шиг гэрэлтэй гудамжны хоёр талаар дэлгүүр, үйлчилгээний төвүүд тасралтгүй үргэлжилнэ. Амарч тухлах, цай, кофе уух, оюутан залуучууд хичээл номоо давтах боломжийг ч бүрдүүлжээ. Метроны буудлаас буудлын хооронд цас, бороотой аль ч үед ая тааваараа алхаж, очих газартаа хамгийн ойр байгаа гарцаар дээшээ гарна. Хотын төв хэсэгт газар дээрх машин унаа, хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг маш багасгасан ухаалаг шийдэл юм. Бас хүмүүс харьцангуй их алхдаг нь эрүүл мэндэд тустай. Япончууд ямар ч асуудлын төвд хүнийг тэргүүнд тавьж шийддэг.
Хоккайдо нутагт манай улсын иргэд их нэр хүндтэй гэнэ. Тэдний нэг А.Аварзэд энэ нутагт ирж, унаган мэргэжил, уламжлалт аж төрөх ёс заншлаа дээдлэн мал аж ахуйн компани байгуулж, том газар нутаг эзэмшин, 4000 гаруй үхэр, хонь, адуу өсгөж дорхноо нэрд гарчээ. Компанийн үйлдвэрийн сүү, тараг гээд цагаан идээ, олон бүтээгдэхүүн хол, ойрд алдартай, амт чанартай. Монголын зочид энэ хязгаар нутагт ирж А.Аварзэдийн байгуулж, хөл дээр нь баттай зогсоосон аж ахуйтай танилцаж туршлага судалдаг нь бахархалтай. Хоймор нутгийн унаган хүү, малын их эмч тэрбээр нутаг сэтгэлтэй, сурч мэдсэн, хийж бүтээсэн бүхнээ олонтойгоо хуваалцах дуртай хүн юм.
Японы төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Такэбе Цүтомү гуай энэ бүс нутагт 2014 онд Монгол Улсын Өргөмжит консулын газар байгуулсан нь монголчуудад ихээхэн өмөг түшиг болжээ. Тэрбээр Японы парламентад хэд хэдэн удаа сонгогдож, Засгийн газарт сайдын ажил эрхэлж, эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан юм. Манай улсыг сонгон Өргөмжит консулын газрыг нь байгуулан ажиллахад хоёр орны улс төрчид, дипломат албаныхны хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нөлөөлжээ. Такэбе гуайтай нэг бус удаа уулзаж ярилцах завшаан тохиож байв. Нэрт Ерөнхий сайд агсан Абе Шинзо энэ хүний дэргэд ажиллаж, улс төрийн замналаа эхэлсэн түүхтэй. Улс төрийн намын дүрэм, сахилга, зохион байгуулалт онцгой байх нь парламентын засаглал үр бүтээлтэй ажиллахын үндэс болдгийг ярьж, зөвлөж байв. Ил шулуухан үгтэй, ажилсаг дайчин энэ хүн хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрбээр Монголын залуу ажилтнууд, улс төрчдөд чин сэтгэлээсээ ханддаг. Сайшаахаа сайшааж, бас бүтэл муутай нэгнийг зэмлэнэ. Такэбе гуай Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийг санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулж, олон арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан. Бизнес уулзалт, аялал, төрийн албаны айлчлал гээд олон арга хэмжээ нь тогтмолжсон билээ.
Хоккайдо бол аялал жуулчлалын бүс нутаг. Дөрвөн улирлын аялал жуулчлалын хөтөлбөртэй. Өвлийн аяллын нэг том эвент нь “Саппоро цасны баяр”. Баярын үеэр цасан баримлын олон улсын уралдаан болдог. Уг баярт 2017 онд Такэбе гуай манай улс төрч Л.Болдын хамт оролцож байв. Энэ нь цаашид Монголын урчууд дээрх уралдаанд оролцохын эхлэл болжээ. “Лувсанвандан сан”-гийн зураач, барималч залуучууд анх үүнд оролцож, туршлага судалж, танилцсан байна. Орон орны урчууд тухайн үед Монголын залуучуудыг төдийлөн анзаараагүй гэнэ. Харин хоёр дахь удаад манай гурван залуугийн урласан “Нөмөр” бүтээл шууд тэргүүн байр эзэлж шуугиан тарьжээ. Бидний монголчууд өлгийтэй бяцхан үрдээ эцэг нь үнэг урлан зүүж домнодог. Энэ домгоос сэдэвлэн, өвлийн тэсгим хүйтэнд балчир хүүг өөрийн биеэр гэр мэт нөмөрлөн ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлсэн содон бүтээл Хоккайдо даяар монголчуудыг гайхалтай сурталчилж чадсан байна. Зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нар энэ жил “Амьдрал” бүтээлээрээ хоёр дахь удаагаа түрүүлж, олон улсын уралдааны шилжин явах тугийг дахин хадгалжээ. “Амьдрал” нь бас ардын домгоос сэдэвлэсэн, сайтар бодсон, төгс гүйцэтгэлтэй бүтээл. Хаанаас нь ч харсан бүрэн “уншигдаж” байсныг Японы болон оролцогч орнуудын сэтгүүлчид шагшин бичиж олны сонорт хүргэжээ. Цасны баярт долоо хоногийн хугацаанд гадаадын хоёр, дотоодын гурван сая жуулчин оролцсон аж. Биднийг очиход цасан баримлуудыг буулгачихсан байв. Товлосон хугацаандаа бүрэн бүтэн, сайхнаараа байхад буулгадаг нь гэмтэж сэвтсэн юуг ч хүний нүдэнд харагдуулахаас болгоомжилсонтой холбоотой юм байна.
АМЬДРАЛ
Цастай нутгийн урчууд
Жилдээ нэг цугларч
Ур ухааныг уралдуулдаг
Уламжлалт сайхан баяртай
Цасан баримлын уралдаанд
Манай Монголын урчууд
Хоёр жил түрүүлж
Хойт нутгийнхныг бишрүүлжээ
Нандин хайр сэтгэлийг
Нүдэнд хоногштол урлажээ
Нарийн торгон хэвнэгийг
Намирч сэмэртэл сийлжээ
Чин хайрын үгийг
Чихэнд дуулдтал урлажээ
Зүйргүй хайрын харцыг
Зүрхэнд хүргэж чаджээ
Цасаар урласан мөртлөө
Цалин мөнгөөр цутгаснаас үнэтэй
“Амьдрал” нэртэй баримал
Амьд домог болжээ
Тал нутгийн хайр
Таван сая хүнд хүрээд
Хайрын илчинд хайлжээ
Учралын илчинд урсжээ
Урссан тэр ус нь
Урсгал мөрөнд нийлээд
Гадаад далайд сүлэлдэн
Газрын холыг зорьжээ
Гурван хүнтэй энэ багийн дөрөв дэх гишүүн нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтан Г.Өсөхбаяр. Тэрбээр Хоккайдогийн их сургуульд долоон жил суралцаж эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан залуу судлаач. Өргөмжит консулын газар байгуулсан өдрөөс Такэбе гуайн дэргэд ажиллаж, хоёр орны найрамдалт харилцаанд хувь нэмрээ оруулж, монголчууддаа тус болж яваа. Өнгөрсөн намар уулзахад Такэбе гуай “Би танай улсад нэг сайн ажилтан бэлтгэж өгсөн шүү” гэж дотночлон хэлсэн билээ. Такэбе гуайг ажилласан хугацаанд манай Өргөмжит консулын газрыг “Саппоро Дай-Ичи коосэн” компани ивээн тэтгэн санхүүжүүлж, захирал Такэда Осамү зөвлөхөөр ажиллажээ. Чамгүй зардал гардаг боловч тухайн компани нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажлыг ивээн тэтгэхийг нэр төрийн хэрэг хэмээн үздэг нь жинхэнэ “япон зан” гэлтэй.
Такэбе гуай 2024 оны намар үүрэгт ажлаа Такэүчи Каүаки гуайд хүлээлгэн өгчээ. Хашир улс төрч эхлүүлсэн үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэх хүнийг чамгүй судалж сонгосон гэнэ. Тус мужийн Биеэ хотод байрлалтай “Такэүчи санрин рёокка” компани мод үрслүүлэх ажил эрхэлсэн олон жилийн туршлагатай. Манай Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээр олон бүтээлч ажил төлөвлөн, эхнээс нь хэрэгжүүлж буй. Хүйтэнд тэсвэртэй жимс, жимсгэнийн болон бусад олон төрлийн модны үрслэгээг манай талд нийлүүлж хамтарч ажиллахад бэлэн гэдгийг нь сонирхож буй хүмүүсийн сонорт дуулгая.
Аливаа ажилд чин сэтгэлээс хандвал амжилтад хүрдгийг япон, монгол хүмүүсийн хамтарсан он жилүүд, ажлын үр дүн тод харуулж байна. Хоккайдогийн монголчууд бие биеэ сайн мэддэг, чиглэл чиглэлээр зохион байгуулалтын бүтэцтэй, улирал бүрд нэгдсэн арга хэмжээг тодорхой сэдвээр зохион байгуулдаг гээд аль ч улс оронд жишиг болохуйц туршлага хуримтлуулж байна.
Мартахын аргагүй дурсгалтай өдрүүдийг үдэж, арга билгийг эрхэмлэн, авьяас чадвараар Монгол хэмээх нэгэн үндэстэн, ард түмний суу алдрыг амьдран суугаа алс хязгаар оронд дуурсгаж яваа нутаг нэгт олон хүнд баярлаж, огшиж, омогшлоо.
ХОККАЙДО НУТАГ
Цастай нутгийн хүмүүс
Цаанаа л нэг өөр
Зүс царай өнгөлөг
Зүүсгэл гоёл мөнгөлөг
Цастай тайгын нутаг
Цаанаа л нэг нүнжигтэй
Манантай тайгын нутаг
Манай хүмүүст идээшлэлтэй
Хол юм, Хоккайдо нутаг
Холдох тусмаа ойр юм
Сайхан юм, Саппоро хот
Санаа сэтгэлд садан юм.
В.Алзахгүй