Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий цөөн хэдэн газар байдгийн нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн ч болов холдож, ой нугад очмоор санагдах үе бий шүү дээ. Эсвэл түр хугацаанд ч болов хүүхдүүдээ агаар салхинд гаргах хүсэлтэй хүн цөөнгүй. Бас гэр бүлээрээ цагийг өнгөрөөх газрууд ч нийслэлд үгүйлэгддэг. Энэ бүх хэрэгцээг бүрэн биш ч тодорхой хэмжээнд нөхөж чадах нь мэдээж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Бутан дунд байрлах хөшөөнөөс хүүхдүүд цочдог
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тамирчид бэлтгэлээ базаах нь түгээмэл. Ялангуяа гүйлтийн тамирчид бүх улиралд бэлтгэлээ хийдэг. Тэднээс талбайн аль хэсэгт хөшөө олон байгаа талаар тодруулахад зарим нь зүүн хэсгийг нэрлэсэн бол “Урд талд олон бий” гэх нь ч байлаа.
Амралтын өдрүүдэд хүрээлэнг зорин очих хүн олон. Үүдний хэсгээс ойролцоо байрлах саравчинд хоёр эмэгтэй хүүхдүүдээ салхилуулж сууна. Тэдний гэр холгүй тул өдөр бүр шахам цэцэрлэгт хүрээлэнг зорьдог аж. Үүнээс цааших явган хүний замын хажуугаар хэд хэдэн сандал бий. Гол нь сандлын хажууд амьтдыг дүрсэлсэн хэд хэдэн хөшөөтэй. Замын гуравны нэг хэсэгт нь 12 жилд багтсан амьтдын хөшөө ч байна. Бас сандал дээр сууж буй хүнийх ч бий. Хажууд нь залуу хос сууж харагдана. Тэд богинохон сандал дээрээ шахцалдаж суусан дүрслэлтэй. Мөн бутан дунд байрлах, эмэгтэйн дүрслэл бүхий, өнгө нь гандсан баримлаас шөнө бол хүүхдүүд айдаг гэнэ. Эднийг юуны учир ямар зорилгоор ийнхүү байрлуулсныг оноож хэлэхэд бэрх.
Оршуулгын газар шиг харагдаад байна гээд заримыг нь буулгасан гэв
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хөшөө дурсгалыг “оршуулгын газар” хэмээн нэрлэх нэгэн ч байна. Ногоон байгууламжийн дунд хэсэгт, чөлөөт талбайн голд хэд хэдэн чулуун баримал бий. Тэдгээрийг л “оршуулгынх шиг” хэмээн тодотгодог бололтой. Ийм утга илэрхийлдэг хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа хэмээн шүүмжилсэн хүн цөөнгүй. “Бид тэнд сэтгэл санаагаа тайвшруулах гэж очдог. Өөрөөр хэлбэл, сэтгэл тэнийм орон зай хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл ийм орон зайг зүгээр орхичихгүй оршуулгын газар босголоо” хэмээн нэгэн иргэн хэлэв. Түүний хэлсэнчлэн хаа сайгүй хөглөрөх хөшөөнүүдэд өнгө үзэмж ч алга. Энд тэндээ цуурсан, ямар ч агуулгагүй, өнгө үзэмжгүй хөшөөнүүдээ цэгцлэх цаг хэдийн болжээ. Уг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ынхан 2-3 жилийн өмнө оршуулгын газар шиг харагдаад байна гээд 6-7 хөшөөг нураажээ. Ингээд 20 гаруй хөшөөтэй үлдсэн хэмээн тус хүрээлэнгийн ажилтан тайлбарлав. Эл хүрээлэн нь нийтдээ 973 га талбайтай. Тиймээс хөшөөнд “даруулах” бус, ногоон байгууламжаар өнгө засахаар ажиллаж буй гэнэ.


“Манай улсад хөшөө дурсгалын соёл байхгүй”
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ын ерөнхий архитектор Г.Уянга “Хөшөө барих зөвшөөрлийг нийслэлийн ИТХ-аас өгдөг. Одоо байгаа хөшөөний ихэнхийг нь нийслэлийн ИТХ-аар баталж, 2016-2017 онд барьсан. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөө барих зөвшөөрөл олгохыг зогсоосон юм. 2018 оноос хойш нэмж хөшөө бариагүй” гэв. Гэтэл үүнээс хойш хэд хэдэн хөшөө нэмсэн гэдгийг зургийн тайлбар хэсгээс харж болно.
Мөн тэрбээр “Архитектур төлөвлөлтийн үүднээс зохиомж болгож цэцэрлэгт хүрээлэнд хөшөө барьдаг жишиг гадаадын оронд олон бий. Манай улсад хөшөө дурсгалын соёл байхгүй шүү дээ. Жишээлбэл, байгууллагынхаа ойн баярыг тохиолдуулаад хөшөө барилаа гэж бодоход гадаадын орны жишгийн дагуу зуун хувь хүрлээр, эсвэл гуулиар хийж чадахгүй. Манай хамгийн анхны хөшөө нь MSC компанийн хөрөнгө оруулалтаар 2012 онд барьсан “Чонын элч”. Хийсэн материал нь чанарын шаардлага хангаагүй болохоор удалгүй өнгөө алдчихсан. Харин Ардын уран зохиолч Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн гуайн дурсгалт хөшөөг хүрлээр хийсэн. Эдгээр нь жил ирэх тусам л өнгө ороод “жавхааждаг”. Гэтэл бетонон хөшөө бол жил ирэх тусам л өнгөө алдаад байгаа учраас буулгахаас өөр аргагүй” хэмээн тайлбарлалаа.
А.Үүл