Нийслэлийн хэмжээнд энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар төлөвлөжээ. Уг ажлыг ирэх сараас эхлүүлэх гэнэ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар үүний талаар “Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийт 224 байршилд 9074 метр урт хашааг буулгаж байв. Энэ оны тухайд 119 байршилд 8100 метр урт хашаа буулгах урьдчилсан судалгааны дүн гаргаад байна. Тэдгээр байршилд нарийвчилсан судалгаа хийсний дараа газар чөлөөлөх төлөвлөгөө гаргах юм” гэв.
Зөвшөөрөлгүйгээр барьсан, хотын өнгө үзэмжийг доройтуулсан хашаа, хайсыг буулгаж, газрыг нь чөлөөлөх аж. Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашлага барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөх гэнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуйн нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгаж, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлдэг аж.