Монголын сагсан бөмбөгийн холбооны гишүүд энэ сарын 8-нд болсон Зүүн Азийн супер лигийн зөвлөлийн гишүүдийн хуралд оролцож, өнгөрсөн жилийн маркетинг, медиа тайлан, ирэх жилийн тоглолтын хуваарь болон системийн талаар хэлэлцсэн. Хурлын эхэнд Монголын 3x3 багийг Азийн хүчирхэг цөм хэмээн тодорхойлж, 5x5 сагсан бөмбөгт онцгой анхаарал хандуулан, Үндэсний дээд лиг болон шигшээ багууд богино хугацаанд эрчимтэй хөгжиж буйг онцолсон байна. Мөн AI технологийн компаниуд, олон улсын тоглогчдын агентууд, БНСУ, Япон, Тайванийн лиг болон Австралийн багууд Монголын сагсан бөмбөгийн холбоотой уулзалт товлон, хамтран ажиллах санал тавьжээ. Японы B лигийн төлөөлөгчид Монголоос тоглогч авахаар төлөвлөснөө илэрхийлж, хамтран ажиллахаар болов. Тус холбооны Үндэсний дээд лигийн энэ оны аварга багийнхан ирэх улиралд “East Asian super league-2025”-д Японы “Hiroshima dragonflies”, БНСУ-ын KBL лигийн аварга, Филиппиний PBA лигийн мөнгөн медальт багтай нэг хэсэгт тоглох нь.