Энэ жил Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойг бид тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Цэргийн баяраар буюу гуравдугаар сарын 18-ны мягмар гарагт 11.00 цагт Монголын уран зургийн галерейд "АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТ - БИДНИЙ ХАМТЫН ЯЛАЛТ" үзэсгэлэнг дэлгэнэ. Монголын цуглуулагч, «Кракко» уран зургийн галерейн захирал Ч.Энхжаргал ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр агуу Ялалтын 80 жилийн ойд зориулсан "АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТ - БИДНИЙ ХАМТЫН ЯЛАЛТ" үзэсгэлэнгээ ийн гаргах юм. Тус үзэсгэлэнд Аугаа их Эх орны дайны үед дайчдын оюун санааг дэмжих зорилгоор гаргадаг байсан ЗХУ-ын болон БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, фронтоос ирсэн захидлууд, тэр үеийн шуудангийн марк болон Монголын орчин үеийн зураачдын дайн байлдааны сэдэвт уран бүтээлүүд дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтнүүд оролцох юм байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 18-24-ныг хүртэл үргэлжилнэ.