“Отгон-Од” клубийн “Бласт” багийн тамирчин, ОУХМ Ж.Баярсайханыг Монголын хоккейн үндэсний шигшээ багт довтлогчоор олон жил тоглосныг үзэгчид мэднэ. Түүний дотоодын тэмцээнээс хүртсэн шагналуудыг дурдвал сонины энэхэн зайд багтахгүй. Тиймээс тив, дэлхийн тэмцээнд хэрхэн оролцсоныг товчхон өгүүлье. Тэрбээр Казахстаны Алматыд 2011 онд зохион байгуулсан Азийн өвлийн спортын VII наадмын бөмбөгтэй хоккейн тэмцээнээс багийнхантайгаа мөнгөн медаль гардаж, шилдгээр шалгарах эхлэлээ тавьсан юм. Азийн цомын аварга шалгаруулах “Asian challenge cup” тэмцээнээс 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018, 2019 онд медалийнхаа өнгийг хувиргаж, аварга болсноор ДАШТ-д оролцох эрх гардсан. Тэгвэл Шведэд 2017 онд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс мөн хүрэл, 2023 онд эх орондоо зохион байгуулсан шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байв. Багийнхаа тамирчидтай медалийн төлөөх тоглолтуудад оролцож “Шилдэг довтлогч”-оор нэг бус удаа тодорсон билээ.
-Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хоккейн клубийн дасгалжуулагчаар ажиллаж буйг тань Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын үеэр мэдлээ. Багш болох нь тамирчин байхаас ямар ялгаатай санагдаж байна вэ?
-Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн шигшээ багийнхны олонх нь тав, зургаан настайдаа хоккейгоор хичээллэсэн. Тэднийг өнгөрсөн сард Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын хоккейн тэмцээнд 12 хүртэлх насныхны ангилалд оролцууллаа. Орон нутгаас Орхон, Дархан-Уул аймагт ОХУ-ын мэргэжилтнүүд ажиллаж, амьдардаг байсан тул хоккей түлхүү хөгжсөн. Өмнө нь зүүн аймагт хоккейн баг байгаагүй. Сүүлийн үед Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгийнхан нутагтаа энэ спортыг хөгжүүлж, тэмцээнд тамирчдаа сойлоо. Би дасгалжуулагчаар ажилладаг ч тамирчны карьераа хараахан өндөрлүүлээгүй. Улсын болон цомын АШТ, лиг гээд дотоодын томоохон тэмцээнд тоглодог. Миний хамгийн завгүй ажилладаг улирал бол өвөл. Заримдаа гэртээ ч тухлах боломж гардаггүй. Лигт багийнхантайгаа тоглохоос гадна клубийнхээ тамирчдыг бэлтгэл хийлгэж, хоккейн тэмцээнд нас тус бүрийн ангилалд оролцуулдаг юм.
-Та шигшээ багт олон жил тууштай тоглосон цөөн тамирчны нэг. Өнгөрсөн жилүүдэд оролцоогүй тэмцээн ховор байх.
-Би 1998 оноос хоккейгоор хичээллэж, шигшээ багт 20 жил тогложээ. Хамгийн сүүлд Монголд 2023 онд зохион байгуулсан шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д багийнхантайгаа мөнгөн медаль хүртсэнийхээ дараа албан ёсоор зодог тайлсан. Манай улсад хоккейг хөгжүүлэхэд ганц зүйл дутуу байсан нь мөсөн ордон. “Степпе арена” битүү дээвэртэй ордныг 2021 оны намар ашиглалтад оруулахад үе үеийн хоккейчдын хүсэл мөрөөдөл биелсэн. Бид өмнө нь өвөл гадаа бэлтгэл хийдэг байсан тул хоккейг өндөр хөгжүүлсэн орнуудын хөгжлөөс олон жил хоцорсон. Хэрвээ мөсөн ордныг эрт байгуулсан бол үүнээс ч илүү амжилт гаргах байв. Монголд анх удаа Олон улсын олимпын хорооны стандартын шаардлагад нийцсэн ордонтой болсноор хоккей, тэшүүр, шорт трекийн тамирчид улирал харгалзахгүй бэлтгэлээ базааж, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаж эхэллээ. Шигшээ багийнхан өмнө нь олон улсын тэмцээнд оролцохын тулд бэлтгэл хийхээр урд, хойд хөршийг зорино. Аль алинд нь очсон ч мөсөн ордонд нь бэлтгэл хийх цаг тэр бүр олдохгүй. Тамирчдыг нь сургуулилалт хийсний дараа бид нойроо хугаслан шөнөжин бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байлаа. Тийм хүнд нөхцөлд тоглодог байсан ч хоккейн спортыг зогсоолгүй урагшлуулсандаа баярладаг.
-Дасгалжуулагч Э.Шинэбаяр багшийн удирдлагад Монголын шигшээ багийнхан “Asian challenge cup”-д 2013 онд анх удаа оролцож, медальтай ирсэн санагдана.
-Тэрбээр Монголын хоккейн холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажиллахдаа шигшээ багийнхныг Тайландын Бангкок хотод тэр жил зохион байгуулсан шайбтай хоккейн “Asian challenge cup”-д оролцуулснаар эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан түүхтэй. Бид тус улсын багийг нутгийнх нь талбайд эзэн хааных нь өмнө хожиход үзэгчид нь “Монгол гэж ямар улс байдаг юм. Тэнд мөсөн ордонтой орны шигшээг хожих хэмжээнд хоккей хөгжсөн гэж үү” хэмээн гайхан ярьж байсан нь сэтгэлд тод үлджээ. Тус улс гурван мөсөн ордонтой, тамирчид нь байнга бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Эзэн хаан нь тэр тэмцээнийг өөрийн биеэр ирж үзэхийн тулд тоглолтын товлосон цагийг хойшлуулж, орой эхлүүлж байв.
-Шведийн легионеруудаар хүчээ зузаатгасан Тайландын хүчирхэг багтай тоглохын өмнө манайханд яаж барах вэ гэсэн бодол эхэндээ төрж байсан гэдэг. Үнэн үү?
-Бид тэнд хөл тавиад хэд хоног будаа, ногоо идсэн. Хоккей монгол хүний бие, сэтгэл зүйн онцлогт хамгийн тохирсон спорт. Өвлийн хүйтэнд гадаа гурван сар бэлтгэл хийдэг манайхан тэднээс тэсвэр хатуужлаар илүү болохыг тоглолтын үед анзаарсан юм. Тухайн үед Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч байсан С.Ганжаргал Тайландын багтай тоглохын өмнө “Бүгдээрээ махан хоол идэхгүй бол тэднийг барахгүй нь. Өнөөдөр махтай хоол идье” гээд хувиасаа мөнгө гаргаад хооллосон. Бид ч хүч тамир орж, медалийн төлөөх тоглолтод тэднийг 6:3-аар хожин ялалт байгуулж байв.
-Түүнээс хойш манайхан АНЭУ-д 2014, Тайландад 2015, АНЭУ-д 2016 онд дээрх тэмцээн болоход учраа таарсан багуудыг буулган авч тус бүр хүрэл медальтай ирсэн дээ.
-Тийм ээ. “Asian challenge cup”-д тивийн зургаан орны шигшээ баг оролцдог. Бид тус тэмцээнд анх оролцсон цагаасаа аварга болохыг хүссэн. Филиппиний Манилад 2018, Малайзын Куала-Лумпур хотод 2019 онд зохион байгуулахад нь түрүүлж, аваргын цом, алтан медальтай ирж, Монголынхоо хөгжөөн дэмжигчдийг баярлуулж билээ. Би аваргаар шалгарсан сүүлийн хоёр тэмцээнд шилдэг тоглогчийн шагнал гардсан шүү.
-Монголын хөгжөөн дэмжигчид эх орондоо 2023 онд шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг зохион байгуулахад сэтгэл өндөр хүлээж авсан нь одоо ч таны нүдэнд харагддаг болов уу?
-Би гэр бүлийнхнийхээ өмнө хоккей тоглож үзээгүй. Тэд минь намайг тэмцээнд хэрхэн тоглосныг холбооны болон шигшээ багийн тамирчдын ойрын хүрээллийн найз нөхдийн цахим хуудаснаас олж харж, мэдээлэл авдаг байсан. Манайхан тэр жил Филиппиний шигшээ багтай аваргын төлөө тоглохдоо 6:6-гаар тэнцэж, нэмэлт цагт алтан гоолоор ялагдсан юм. Олон сая хүн амтай, спорт өндөр хөгжсөн улсын багтай гурван сая иргэнтэй Монголын тамирчид эн тэнцүү өрсөлдөж, медаль хүртэнэ гэдэг том амжилт. Тэд ч манай улс энэ спортыг ямар хэмжээнд хөгжүүлж, олон улсын тэмцээнд багаа илгээдэг болохыг мэдээд, мэдрээд буцсан. Тус улсын баг 2023 оноос өмнө нэг ч түрүүлж байгаагүй. Тэр жил биднийг хожиж, дэлхийн аварга болохдоо бөөн баяр болж билээ. Манайханд “Asian challenge cup”-д гурван удаа дараалж ялагдсан шарандаа даагаа нэхсэн нь тэр. Тэдэнтэй манайхан АНУ-ын Мексикт ирэх сард зохион байгуулах III дивизионы ДАШТ-д тоглоно доо.
-Кувейтэд болсон ДАШТ-д та яагаад оролцоогүй юм бэ. Багийн гол довтлогч Ж.Баярсайхан харагдсангүй гээд хүмүүс тэр үед ярьж байлаа.
-Хоккей хурд, эрч хүч, өрсөлдөгчөөсөө түрүүлж сэтгэх ухаан, зориг маш их шаарддаг. Спортын ямар ч төрөлд залгамжлах дараагийн үе хүч түрэн гарч ирдэг шүү дээ. Хэчнээн ур чадвар, туршлагатай байлаа ч хурдгүй бол амжилт гаргахгүй. Тиймээс миний хувьд залуу тамирчдаа дэмжиж, гадаадын тэмцээнд оролцохдоо өөрт хэрэг болох зүйлүүдийг мэдэж аваг гэсэн зорилгоор тоглох боломж олгосон. ДАШТ-ий тоглолтыг үзсэн Монголын спорт сонирхогчид улсынхаа тамирчдын ур чадвар, туршлага гадаадын тоглогчдоос дутахгүй болсныг харсан байх. Манайхан ч үзэгчдээ гонсойлгохгүйг хичээж, таарсан баг бүртэй сонирхолтой тоглолт өрнүүлж түрүүлсэн.
-Ямар ч улс ДАШТ-д сул баг сойхгүй. Оноо цуглуулж, эрх авч оролцдог болохоор шилдгүүд л өрсөлддөг гэдгийг хөгжөөн дэмжигчид ч мэдэрсэн байлгүй.
-Монголд анх удаа болсон ДАШТ-д оролцсон багуудаас Филиппиний шигшээ үнэхээр хүчирхэг байсан. Мэргэжлийн түвшинд тоглодог Чех, Швейцарын легионеруудаар хүч сэлбэж, багаа бүрдүүлсэн тул хурд, хүч, туршлага, ур чадвар, тэмцээний үед нэгнээ мэдрэх, өрсөлдөгчөө “унших” тал дээр бусад орны багаас илүү байсныг дурдах нь зүйтэй. Хоккейн спортыг төр засаг дэмжээд өгвөл Монголын баг гадаадын шигшээгээс хол хоцрохгүй. Хоёр ч мөсөн ордонтой болсон бидэнд одоо залгамж халаагаа бэлдэх ажил үлдлээ. Өсвөр үеийнхний шигшээг залуу, хурдтай тоглогчдоор бүрдүүлсний үр дүнд Азийн хошой хүрэл, насанд хүрэгчдийн баг ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртлээ. Үүгээрээ Монголын хоккейчид тив, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсноо харуулж, олон орны анхаарлыг татсан. Манайхан мөсөн ордонтой болсноор ур чадвараа ахиулж, хурдаа хүчтэйгээ хослуулан амжилт гаргаж байна. Энэ бол богино хугацаанд урагшилж буй давуу тал.
-Олон оронд хоккей эрчимтэй хөгжиж байгаа тул хойшид ДАШТ, өвлийн олимпын эрх авахад амаргүй болж байна шүү.
-Дэлхийн хоккейн холбоо өмнө нь Ази тивд энэ спортыг хөгжүүлэх зорилгоор ДАШТ-д оролцуулдаг байв. Одоо бол оноо цуглуулах, эрх олгох үзүүлэлтүүдэд өндөр шаардлага тавьдаг болсон. Дүрэм нь чангарсан болохоор алдаа гаргавал хасах магадлалтай. Монголын тамирчид багийн спортоос хоккейн төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа. Швед улсын Троллхатан хотод 2017 онд зохион байгуулсан бөмбөгтэй хоккейн ДАШТ-д хүчтэй багуудтай өрсөлдөхдөө Японы шигшээтэй хүнд тоглолт өрнүүлэн 3:2-оор хожиж, хүрэл медаль хүртсэн. ОХУ-ын Эрхүү хотод 2020 онд болоход бид хэсэгтээ нэг ч хожигдолгүй зургаа хожсон ч зөрлөг дээр Украины багт 3:1-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан юм. Дараа нь Словак улсын шигшээд 3:2-ын харьцаагаар ялагдсанаар IV байр эзэлсэн. Миний хувьд тэр тэмцээнд шилдэг тоглогчоор шалгарч, эсгий гутлаар шагнуулж байв. Надад гурван эсгий гутал бий. Бүгдийг нь дурсгал болгож хадгалдаг. Монголын шигшээ Шведэд 2006 онд болсон ДАШТ-д анх оролцоход эхний гутлыг, дараа нь ОХУ-ын Хабаровск хотод 2011 онд зохион байгуулахад хоёр дахийг нь гардсан.
-Монголын хоккейчдын Украины багтай зодолдсон нанчилдааныг гадаадын үзэгчид марталгүй одоо ч ярьдаг гэнэ лээ.
-ОХУ-ын Ульяновск хотод 2015 онд болсон 32 дахь удаагийн ДАШТ-д манайхан тус улсын хоёр легионероор багаа бүрдүүлсэн Украины шигшээтэй 4:4-өөр тэнцэж, нэмэлт цагт хожигдов. Бидний шар хөдөлж, уур омог төрчихсөн байхад тэд өдөж, зодооныг эхлүүлсэн.
Хэдхэн минут нанчилдсаны дараа тус улсын баг сүртэй мэдээлэл хийж, зарим тоглогч нь тэмцээний үед ой санамжаа хүртэл алдсан гэх зэргээр солонгос драм шиг хөгжилтэй зүйл ярьж байв. Монголчууд хэнтэй ч таарсан амархан бууж өгдөггүй зантай. Өдөөд байхад бид юу гэж зүгээр зогсоод нүдүүлэх вэ дээ. Өөдөөс дайрсныг нь барьж аваад адилхан л үзэлцсэн. Тэр зодоон нэг хэсэгтээ л том шуугиан тарьсан л даа.
Хоккейн спортод зодолдохыг зөвшөөрдөг. Үүгээрээ ч хөгжөөн дэмжигчдийг огшоож, сонирхлыг нь татдаг. Энэ нь уг спортыг хөгжүүлэх бодлогынх нь нэг онцлог.
-Охидоос тань нэг нь таныг дуурайж хоккейгоор хичээллэдэг гэж сонслоо.
-Манайх гурван хүүхэдтэй. Тэднээс дунд охин минь хоккейгоор хичээллэдэг. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны клубт бэлтгэл хийж, өсвөр үеийнхний шигшээ багт тоглодог юм. Би охиндоо зориулж, өсвөр үеийнхний шигшээ багийг бүрдүүлсэн. Охиноо харахаар хоккейд дурласан хүүхэд насны минь дурсамжууд бодогддог. Миний хувьд Монголын хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар нэг хэсэг ажилласан. Тухайн үед дэмжлэг тааруухан байсан тул тоглогчид нь тус тусын зам мөрөө хөөсөн дөө. Хүүхэд байхаасаа хоккейд хөл тавьж, шигшээ багт олон жил тоглосон болохоор энэ спорт манай улсад хэрхэн хөгжиж өнөөг хүргэснийг сайн мэднэ. Тиймээс хөгжихгүй хаана гацсан, урагшлахад юу хамгийн их дутагдаж буйг өөрийн биеэр мэдэрсэн тул дасгалжуулагч болохоор шийдсэн. Надад арвин туршлага бий ч онол, мэдлэггүй бол хөгжүүлж чадахгүйг мэдсэн юм. Тэгээд МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Миний анхны шавь нараас Ш.Амин-Эрдэнэ, Ч.Дөлгөөн, Г.Хүслэн нар үндэсний шигшээ багт тоглож байна.