-Зүүн гурван аймагт гарсан хээрийн түймэрт өртөгсдөд тусламж үзүүллээ-
Өнгөрсөн өвөл нийт нутгаар харьцангуй дулаахан, цас багатай байж хавартай золгов. Өвлийг өнтэй давсан малчид удахгүй хаваржаандаа буухаар нүүдэлд зэхэж байх зуур түймрийн аюултай нүүр туллаа. Өвөл цас бага орсон тул хуурайшилт ихтэй хавар болж байна. Тиймээс ч Улсын онцгой комисс, ОБЕГ, цаг уурын байгууллагаас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг эртнээс анхааруулсаар байсан билээ. Гэсэн ч энэ бүх сэрэмжлүүлгийн хажуугаар хэнэггүй нэгний уршгаар түймэр гарч улс, малчдад ихээхэн хохирол учруулав.





Хэнтий аймгийн Баян-Овоо суманд энэ сарын 9-нд хээрийн түймэр гарч, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт тархаж олон айлын мал, өвөлжөө, хашаа хороо, өвс, тэжээл галд өртөж, ихээхэн хохирол учруулсан юм. Мөн Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дорнодын Халх гол, Хэнтийн Батширээт, Дадал сумд хээрийн түймэр гарлаа. Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы тушаалаар Шуурхай ажлын хэсэг байгуулж, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа, Т.Баярхүүгээр ахлуулж, дээрх гурван аймагт гарсан хээрийн түймрийг унтраах, хохирсон малчид, иргэд, хүүхэд багачуудад туслах, гэр, нэн тэргүүнд шаардлагатай эд зүйл олгох, түймрийн хор уршгийг арилгуулах, малын сэг сэмийг устгах ажлыг зохион байгуулахаар болсон юм. Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 11-13-нд зүүн гурван аймгийн зарим сумд ажиллав. Ажлын хэсэгт ХХААХҮЯ, ГБХНХЯ, ЭМЯ, ХХЕГ, ЦЕГ-ын холбогдох газар, хэлтсийн мэгэжилтнүүд багтсан юм. Хээрийн түймэрт өртөж, орон гэргүй болсон 23 айлд Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрээр гэр, хөнжил гудас, дулаан хувцас, хүнс, эрүүл мэндийн багц зэргийг олгов.